
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийг УИХ-аар батлаад удаагүй байна. Хуулийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийг орон нутгаас олгох юм. Мөн хэрэгжилтэд хяналт тавьж, таслан зогсоох эрхийг хуулиар орон нутгийн удирдлагуудад олгосон. Уг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар олгож, хоёр жилийн хугацаатайгаар нэг удаа сунгах боломжтой. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаатайгаар олгох, нөөцийн хэмжээнээс хамаарч 10 жилээр хоёр удаа сунгах юм байна. Мөн борлуулалтын үнэлгээнээс 2.5 хувиар тооцож, роялти төлбөрийг орон нутгийн санд төвлөрүүлэх аж.
О.САР