-Нийслэл хот хичнээн ахмад настантай вэ. Хамгийн ахмад нь хэдэн настай хүн байдаг бол?
-Манай ахмадын хороо шинэ оны өмнөхөн ахмад настнуудаа бүртгэсэн. Нийслэлд нийтдээ 100341 ахмад настан аж төрж байна. Бид 55 болон түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй хүнийг ахмад настны бүртгэлдээ оруулдаг. Нийслэлд аж төрж буй ахмад настнуудын бараг гуравны нэг буюу 64574 нь эмэгтэйчүүд юм. 70 нас хүртэл ахмад настан 69720 бол 71-80 настан 25914, 81-90 настай 6400 хүн, 91-100 настай 867 хүн бий. 100 ба түүнээс дээш настай 55 ахмад байгаагаас хамгийн өндөр настай нь 107 настай Сонгинохарйхан дүүргийн иргэн бий.
-Улсын болон алдар цолтой ахмадууд ч олон байдаг гэсэн. Хэр олон байдаг юм бол?
-Нийслэлд Монгол Улсын баатар цолтой нэг хүн байдаг нь сансрын нисгэгч Ж.Гүррагчаа. Э.Бат-Үүл баатар нийслэлийн иргэн боловч насны хувьд залуу учир ахмад настанд багтдаггүй. Түүнчлэн Хөдөлмөрийн баатар 93, Төрийн соёрхолт 43, Ардын цолтон 57, Гавьяат цолтон 835, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 17 ахмад настай манай нийслэлд амьдардаг. Түүнчлэн Алдарт эхийн нэгдүгээр одонтой 16 мянга, хоёрдугаар одонтой 29 мянган ээж бий.
-Сүүлийн үед ахмад настнууд хөдөлмөр эрхлэх сонирхолтой болсон. Хөдөлмөр эрхэлж буй ахмадуудын судалгаа бий юү?
-Нийслэлийн хэмжээнд нийтдээ 7121 ахмад настан ажил хөдөлмөр эрхэлж байна. Тэдний 740 нь байнгын ажилтай байдаг бол 4000 гаруй ахмад настан хувиараа хөдөлмөр эрхэлдэг байх юм. 564 ахмад настан хоршоо, нөхөрлөл, бүлэгт багтан ажилладаг бол мал аж ахуйн салбарт 848, газар тариалангийн салбарт 1132 ахмад настан ажиллаж байна. Оёдол, гар үйлдвэрлэл эрхэлдэг 1194 ахмадууд байгаа бол барилга, тээвэр, холбооны салбарт 188 ахмад настан ажилладаг юм. Эндээс ахмад настнууд маань гар хумхин суулгүй боломжоороо хөдөлмөрлөж, хүүхдүүддээ дэм болдог нь харагдах байх аа.