Шаамар суманд хортой уснаас болоод таван үхэр үхсэн гэх яриа байх боловч үнэн хэрэгтээ н.Соёлбаатар, н.Сэрхбол, Батбаяр нарын өдүүлсэн хэрэг гэнэ. Учир нь тэд зооринд ялзарсан 15 тонн төмсөө Шаамар сумын хуучин хогийн цэг байсан “Хогийн хонхор” гэх газар талыг нь хаяж, талыг нь нарсан дунд асгаж орхижээ. Тухайн үед нутгийн тариачин энд асгаж болохгүй гэж хэлтэл хүлээж аваагүй юм байна. Тиймээс төд удалгүй тухайн хаясан хаягдлаар нь үхэр хооллох болж. Үүнээс болж айлын саалийн үнээнүүд үхсэн байна. Тэдгээр үхрийн үхсэн шалтгааныг тогтоохоор гэдэс дотрыг нь үзэхэд ходоод дүүрэн ялзарсан төмс гарсан гэнэ.
Шаамар сумын ганц том компани болох “Ундрагч” компанийн захирал Соёлбаатар гэх эрхэм олон жил Шаамар сумын засаг дарга болохоор хөөцөлдсөн боловч бүтэлгүйтсэн учир энэ удаа санаатайгаар өдөөн турхирч худал мэдээлэл олон нийтэд тараасан хэмээн тус сумын иргэдийг төлөөлж ирсэн хүмүүс хэлж байна.
Шаамарт байрлах тус хогийн цэг байсан газрын ус болон худаг бохирдсон гэх газар мэргэжлийн хяналтын газраас шинжилгээ хийж үзтэл усанд бохирдол байхгүй болох нь тогтоогдсон аж. Хогийн хонхорт 70 жил хуримтлагдсан 15 га газрыг хамарсан хог байсныг сүүлийн хоёр Засаг даргын үеэр цэвэрлэж дууссан одоо тэнд ногоо ургаад сайхан газар болсон гэх баримтыг ч тэд дэлгэж байлаа.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ард иргэд “Хоёр дахь хонгор боллоо” гэх яриа нь манай сумын нэр хүндэд шууд халдсан хэрэг гэдгийг ч хэлж байсан юм. Сар шинийн баяр дөхөж ард түмэн маань болохгүй бүтэхгүй зүйлээ хуучин жилтэйгээ үддэг жамтай учраас бид худал мэдээллийг залруулж байгаа юм шүү хэмээн аминчлан захиж байлаа.
Э.ТЭКҮ