Монголын морин спорт, уяачдын холбооны Шилдгийн шилдэг холбоогоор Баянхонгор аймгийн “Хонгорын хурд”, Булган аймгийн “Булган хангай” уяачдын холбоодыг тус тус шалгаруулсан байна. Монголын морин спорт, уяачдын холбооны Шилдэг уяачаар Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Монгол Улсын манлай уяач Б.Бат-Өлзий, мөн шилдэг залуу уяачаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Од” галын уяач Б.Пүрэв-Очир нарыг тус тус шалгарууллаа. 2013 ондоо бүс, орон нутаг, улсын наадамд амжилттай оролцсон “Тайжийн хурд” уяачдын холбоог шилдэгээр Сэлэнгэ аймгийн Бугат сумын морин спорт уяачдын холбоо, Булган аймгийн “Мянганы хурд” уяачдын холбоо, Төв аймгийн “Партизаны” уяачдын холбоодыг тус тус шалгаруулсан байна.
Монголын морин спорт, уяачдын холбооноос өнгөрсөн оны шилдэг унаач хүүхдүүдээ тодруулсан юм. Тухайлбал, “Од” галынунаач Г.Сүхбат, “Хүй мандал” галын унаач н.Амарбаясгалан, Ц.Мөнхсүлд, “Түмний ээл” галын унаач Б.Буяндэлгэр, “Мөрөн гол” галын унаач Г.Сэлэнзаяа, “Их салхит” галын унаач Б.Зоригт, “Ажнай” галын унаач Г.Мөнхболд, Завхан аймгийн унаач н.Зоригтбаатар, Хэнтий аймгийн унаач Б.Нямтөгс, М.Улсболд нарыг тус тус шилдгээр шалгаруулж, шагнал гардууллаа.Мөн энэ өдөр Соёл, спорт аялал жуулчлалын сайдын тушаалаар Монголын морин спорт, уяачдын холбооны шилдгээр гурван удаа шалгарсан Б.Билэггүнийг спортын мастер, хоёр удаа шалгарсан унаач Ц.Өсөхбаяр, Х.Алтанхундага нарыг спортын дэд мастер цолоор тус тус шагнасан юм.
Монголын морин спорт, уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмаар сүүлийн гурван жил дарааллан түрүүлсэн, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаанд түрүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Д.Бат-Эрдэнийг “Дархан манлай түмний эх” цол, үндэсний Их баяр наадамд сүүлийн хоёр жил дарааллан түрүүлсэн, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаанд түрүүлж наадамчин түмнээ баясгасан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Б.Бат-Эрдэнэд “Баяр манлай түмний эх цол”, Үндэсний их баяр наадамд бага, дунд насандаа завсаргүй айрагдаж, түрүүлж наадамчин олноо баясгасан Чингэлтэй дүүргийн Гачуурт сангийн аж ахуй уяач Д.Болдбаатарын халтар үрээнд “Эрхэт төрийн идэр түмний эх” цолыг тус гардууллаа. Шагнал гардуулах үеэр уяачдын сэтгэгдлийг сонслоо.
Баянхонгор аймгийн “Хонгорын хурд”-ын тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ: Шилдгийн шилдгээр шалгарсанд маш их баяртай байна. Баянхонгор аймгийн нийт уяачид, унаач хүүхдүүдийн хамтын хүч хөдөлмөр гэж ойлгож байгаа. Энэ жилГенниссийн дэлхийн дээд амжилт тогтоох уралдаанд Баянхонгор аймгийн Ц.Энхтайваны хонгор халзан морь түрүүлсэн. Холбооны зүгээс бүх сумдад хурдан удмын азарган үрээгээр адууны зүсийг сэлбэх зэрэг ажлуудыг хийсээр ирсэн. Мөн уяачдын түүхийг үлдээхээр жил бүр сэтгүүлч гаргаж байгаа. Ингээд уяачид болон хурдан морь унаач хүүхдүүддээ сар шинийн баярын мэнд дэвшүүлье.
Шилдэг залуу уяач Б.Пүрэв-Очир: 17 жил морин спортод зүтгэж байна. Таван настайгаасаа л морь унахаас уяачийн хөдөлмөрөө эхэлж байсан. Одоо ингээд шилдэг уяач болж байгаадаа баяртай байна. Баруун бүсийн азарга, их морьдын айраг түрүү авч байсан. Уяач хүний сайхан нь уясан морь нь айраг, түрүүнд орж ирэх л хамгийн сайхан байдаг.
Гачуурт сангийн аж ахуй уяач Д.Болдбаатар: Халтар үрээгээ дааган наснаас нь эхлэн уралдуулж байсан. Улсад дөрвөн жил түрүүлсэн. Миний хувьд 10 гаруй жил морь уяж байна. Халтар үрээ маань сум, аймаг, улсад түрүү авч байсан.
Шилдэг унаач Б.Буяндэлгэр: Шилдэг унаач хүүхэд болсондоо баяртай байна. Өнгөрсөн жил улс,бүсийн наадамд оролцож, азарга унаж улсдаа түрүүлсэн. Шагнал авсандаа баяртай байна. Таван настайгаасаа эхэлж морь унаж эхэлсэн.
Спортын их мастер цолоор энгэрээ мялаасан Б.Билэггүн: Гурван удаа оны шилдэг унаач хүүхдээр шалгарсан. Улсаас дөрөв түрүү нэг айраг, бүсээс 20 гаруй айраг, түрүү авч байсан. Одоо 15 настай, “Од” галын унаач.
Спортын дэд мастер цолоор энгэрээ мялаасан Ц.Өсөхбаяр: Улсад нэг түрүүлж, бүсэд хоёр түрүүлж, дөрвөн удаа айрагдаж байсан. Долоон жил морь унаж байгаа. Спортын дэд мастер цол авсандаа маш их баяртай байна. Аав ээждээ хайртай шүү гэлээ.
Гэрэл зургийг Б.БАТМӨНХ