Америкийн Нэгдсэн Улсын Калифорнийн Бар /Барристер/-ын холбооны гүйцэтгэх захирал Жозеф Данн, Холбооны гишүүн Ховард Миллэр, Холбооны мөрдөн шалгагч Томас Лэйтон нар Монголын Хуульчдын холбооны урилгаар энэ сарын 25-наас 31-ний өдрүүдэд манай улсад айлчилж, хуульчдад зориулан сургалт явуулж байгаа аж.
Төлөөлөгчдийн хамт уулзалтад хүрэлцэн ирсэн Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны суурийг тавих зорилтын хүрээнд Калифорнийн Бар /Барристер/-ын холбооны төлөөлөгчдийн энэхүү айлчлал болон сургалтыг зохион байгуулж байгаа гэж хэлэв.
Хууль зүйн байнгын хорооны дарга төлөөлөгчидтэй уулзаж, санал бодлоо солилцох үеэрээ Монгол Улсад хийгдэж байгаа эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлийн үйл явцын талаар онцлон ярьж байв. Тухайлбал, олон жилийн өмнөөс бий болсон тогтолцоогоор шүүх, цагдаагийн байгууллага нь эрх баригчдад илүү үйлчилж ирсэн байдлыг халж, иргэнд үйлчилдэг байгууллага болгон өөрчлөх, хуулийн шинэчлэлүүдийг хийх, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах байгууллагуудын дэд бүтцийг бий болгох зэрэг томоохон ажлууд хийгдэж байна гээд дэлхийн улс орнууд түүний дотор АНУ-ын эрх зүйн орчныг судлан зарим тодорхой туршлагыг Маршалын алба буюу Тахарын албыг байгуулах, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг батлан гаргах зэрэг үйл явцад ашигласан талаар дурьдлаа.
Калифорнийн Бар /Барристер/-ын холбооны гүйцэтгэх захирал Жозеф Данн ярихдаа, өөрөө Сенатын гишүүн байсны хувьд УИХ-ын гишүүний зэрэгцээ байнгын хороог даргалж ажиллана гэдэг хариуцлага өндөртэй, хүндхэн ачаа гэдгийг сайн ойлгож байна гээд ялангуяа томоохон өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа энэ цаг үед ямар хүндрэл бэрхшээл учирч байгааг, мөн хэрхэн шийдвэрлэж байгаа талаар сонирхон асууж байв. Жозеф Данн нь Калифорнийн Бар /Барристер/-ын холбооны шүүх эрх мэдлийн салбар хариуцсан нэгжийг удирдан ажилладаг. Тухайн нэгж нь хууль зүйн мэргэжилтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа буюу хууль зүйн боловсрол, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тавих хяналт, хуульчаар ажиллах эрх олгох шалгалт, сахилгын асуудлыг хариуцдаг чухал нэгж ажээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.