
Ховор, нэн ховор амьтны жагсаалт жилээс жилд нэмэгдсээр байна. Саяхан Монгол орны Улаан номыг шинэчлэн гаргахад өмнөх номноосоо хоёр дахин зузаан болжээ. Энэ нь манай орны бахархалт сайхан амьтад ховордсоор байгааг харуулж байна. Хууль бус агнуур цаашид энэ хэвээр үргэлжилвэл Монголын зэрлэг амьтдын хувь заяа мөхлийн ирмэгт ойрхон байгааг дээрх баримтууд нотлож байна хэмээн уг саналд дурджээ.
Хууль бус агнуур үйлдсэн хэргийн 80 хувь нь галт зэвсгээр үйлдэгдсэн бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа 46.982 галт зэвсгийн 90 хувь нь ан агнах зориулалттай байдаг ажээ. Иймд ан агнах зориулалттай галт зэвсгийн эрх зүйн орчинг сайжруулах шаардлага тулгарч байгаа энэ үед “Галт зэвсгийн тухай хууль”- ийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн эхний хэлэлцүүлгээр дэмжигдээд байгаа билээ. Хууль бус агнуурыг бууруулах эрх зүйн орчинг сайжруулахаар нэгдэж эхний ээлжинд Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах саналуудыг зайлшгүй оруулах шаардлагатай гэж Байгаль орчны Төрийн бус байгууллагууд үзжээ. Үүнд:
- Ан агнуурт байлдааны зориулалттай галт зэвсэг, хэрэгсэл ашиглаж байгааг зогсоох, ангийн зориулалттай галт зэвсэг, сум хэрэгслийг ашиглахыг хуульчлах;
- Галт зэвсгийг хамтран эзэмшигч нэрээр бусдад шилжүүлэн түр эзэмших зохицуулалтыг хориглох;
- Иргэн сумыг импортлох, улсын хилээр оруулахыг хориглох;
- Ан агнах зориулалттай галт зэвсэг, сумны нэр төрлийн жагсаалтыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хууль зүйн яамтай хамтран батлах зохицуулалт оруулах зэрэг саналыг хүргүүлжээ.
УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн явцаас үзэхэд ан агнуурыг зугаа цэнгэл “Хобби” болгосон, байлдааны хагас автомат ажиллагаатай галт зэвсэг эзэмшдэг хэсэг гишүүдийн “Лобби”-оор зарим чухал саналууд хасагдаж магадгүй гэж төрийн бус байгууллагууд хардаж байгаа юм.
Түүнчлэн УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх гэж байгаа Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ч агнуурын бүс нутгийг хувийн хэвшилд хариуцуулан хамгаалуулах, амьтны тоо өсөж тогтвортой ашиглах хэмжээнд хүргэсэн тохиолдолд зохистой ашиглуулах бодлогыг хэрэгжүүлэхэд Газрын тухай хуулийн төсөлд “газрын нэгдмэл санд агнуурын бүс нутаг гэсэн ангилалыг шинээр оруулж, агнуурын бүс нутгийн ашиглалд, эзэмшлийн харилцааг зохицуулах зэрэг зүйл заалтыг оруулбал зүйтэй гэсэн саналыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд илгээжээ.