Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тогтоолыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2014.01.28-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тогтоолыг хэлэлцэв

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2014.01.28/ үдээс хойш болж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ тухай танилцуулгыг хуралдааныг даргалсан байнгын хорооны гишүүн Р.Гончигдорж хийсэн юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын чуулган завсарлахын өмнө дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан хэлэлцэж Улсын Их Хурлын тогтоол баталдаг.

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас саналыг нь урьдчилан авч тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд тусгуулахаар хууль санаачлагчдаас нийтдээ 279 санал ирүүлжээ. Тухайлахад, Монгол Улсын Ерөнхийлөгч 5, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 6, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 4, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 11, Төрийн байгуулалтын байнгын хороо 3, Төсвийн байнгын хороо 4, Эдийн засгийн байнгын хороо 6, Хууль зүйн байнгын хороо 7, УИХ дахь Ардчилсан намын бүлэг 47, МАН-ын бүлэг 46, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 35, Засгийн газар 95 төсөл, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар 10 санал ирүүлжээ.

Байнгын хороо тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг нь заасан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон хууль, тогтоолын төслүүдийг жагсаалтад оруулах зарчим баримталсан байна. Мөн тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Байнгын хороодын саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзжээ.

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснөө тусгажээ. Үүнд:

  • 1/Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан
  • 2/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
  • 3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • 4/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт
  • 5/Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • 6/Газрын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
  • 7/Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • 8/Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • 9/Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл
  • 10/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • 11/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл
  • 12/Мөрдөх албаны тухай хуулийн төсөл
  • 13/Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • 14/Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
  • 15/Галт зэвсгийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
  • 16/Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
  • 17/Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл
  • 18/Шилэн дансны тухай хуулийн төсөл
  • 19/Бусад.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан саналаа хэлсэн гишүүн Ж.Батзандан хаврын ээлжит чуулганаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Иргэд, олон нийтийн анхааралд байгаа, зөрчил маргаантай энэ мэтийн асуудлыг хөндсөн хууль тогтоомжийг иргэний нийгмийн байгууллагууд, иргэдээр хэлэлцүүлж саналыг нь авч байж хэлэлцэж байх нь зүйтэй юм, гишүүн С.Дэмбэрэл тогтоолын төсөл нь олон жил хэвшиж тогтсон нэг хэв загвартай байгааг цаашид анхаарах, гишүүн Н.Батцэрэг улс төрийн намуудын тухай болон сонгуулийн хууль зэрэг ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа томоохон хуулиудыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж олон нийтэд мессеж өгч, нийгэмд хандаж байх нь зөв юм гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүн Су.Батболд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг жагсаалтад нэр зааж тусгуулах санал гаргасан боловч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн нарын санаачлан боловсруулж өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаарх танилцуулгыг гишүүн Р.Гончигдорж хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2003 онд анх Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж, монгол үндэсний бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олдог болсон бөгөөд ингэхдээ анх удаа далай аварга цолыг шинээр бий болгосон. Уг нь монгол үндэсний бөхөд ийм цол байгаагүй, харин цолны чимэг байсан түүхтэй аж.

Өнөөдөр монгол үндэсний бөхийн хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн ширүүсч байгаа нь үндэсний бөхийн дархан аварга төрөх боломжийг хомсдуулж байна. Далай аварга цолыг хасах нь зүйтэй гэсэн санал ч олон түмний дунд ихээр яригддаг. Иймээс шинээр олгогдох болсон улсын далай аварга цолын чимгийг олгодоггүй болгохоор хуульчлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа төсөл санаачлагч хэллээ. Мөн хуулийн төслийн үзэл санааг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Үндэсний бөхийн холбоо дэмжиж байгаа гэдгийг тэрээр дурдлаа. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар монгол үндэсний бөхийн цол чимгийн агуулга сайжирч, олон түмний дунд нэр хүнд нь улам өсөхийн зэрэгцээ бөхчүүдийн шударга өрсөлдөөн, барилдааны чанарт өөрчлөлт гарна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн С.Дэмбэрэл, Су.Батболд нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулав. Харин хуулийн төслийн талаар үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж