Энэ бүхнээс үүдэн Хүүхэд харах үйлчилгээг хуульчлахаас аргагүйд хүрснийг хуулийн төсөл боловсруулагчид хэлж байлаа. 1,6-3 насны хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болох бөгөөд 18-60 насны бүрэн дунд түүнээс дээш боловсролтой, бие бялдар сэтгэцийн хувьд эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, мэргэжлийн сургалтад хамрагдсан хүн энэхүү үйлчилгээг эрхэлж болохоор хуулийн төсөлд заажээ. Үйлчилгээ эрхлэх гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга нар олгох юм. Түүнчлэн эл үйлчилгээнд олон хүүхэд хамруулбал “Төвд суурилсан хүүхэд харах үйлчилгээ” гэж нэрлэн, нэг бүлэгт 12-15 хүүхэд, хоёр ажилтан, нэг тогооч ажиллах зэргээр хуульчилжээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Арвин, З. Баянсэлэнгэ, С.Ганбаатар, Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар оролцож, хуулийн төсөлтэй холбогдуулан санал бодлоо илэрхийллээ. Эдгээр гишүүдийн хувьд өмнө нь яг ийм үйлчилгээний тухай хууль боловсруулж байсан болохоор хуулийг бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа. Гэхдээ хамрагдах хүүхдийн насыг гурван нас гэж хязгаарлалгүй сургуульд ортол нь хардаг байх, нэг бүлэгт 12-15 хүүхэд гэж томруулалгүй өмнөх хуульд тусгасанчлан 5-6 хүүхдээр хязгаарлах зэрэг саналыг эмэгтэй гишүүдийн зүгээс хэлсэн юм. Нэг бүлэгт хамрагдах хүүхдийн тоо олшрох тусмаа энэ үйлчилгээг боломж бололцоотой хүмүүс эрхлэхэд хүрнэ гэдгийг тодотгож байлаа. Ингэснээр өөрийнхөө хүүхдийг асраад гэрт сууж буй эхчүүд айл хөршийнхөө хүүхдийг давхар асрах, нэг дор өвөлжиж, хаваржиж буй айлууд хэн нэгнээрээ хүүхдээ харуулахад дөхөм байх юм гэдгийг мөн хэллээ.
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс хүүхдийн тоогоор хувьсах зардал олгохоор заасан. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгт хүмүүжиж буй нэг хүүхдэд хувьсах зардал болгон 116 500 төгрөг олгодог. Үүнийг хүүхэд харж буй хүнд нэмж олгосноор улсаас 40 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болно. Энэ хэмжээний мөнгийг гарган цэцэрлэг сургууль бариад ч цэцэрлэггүй хүүхдийн асуудлыг шийдэж чадахгүйгээс хойш хүүхэд харах үйлчилгээг хуульчлах нь зөв гэсэн саналыг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчдын олонх нь дэмжиж байлаа. Хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан зарим саналыг доор сийрүүллээ.
Ахмад багш Д.Нона:
-Энэ удаагийн хуулийн төсөлд хуучнаар бол яслийн насны хүүхдийн асуудлыг хөндөн тавьжээ гэж би ойлголоо. Өмнөх нийгмийн үед энэ асуудлыг шийдсээр ирсэн. Одоо ч боломж их бий. Нэгэнт шинээр цэцэрлэг барих боломжгүй байгаа бол шинээр баригдаж буй болон бусад барилгуудад цэцэрлэг байгуулах ажлыг журмаар зохицуулж болмоор санагддаг. Шинэ орон сууц болгоны доор цэцэрлэг байгуулах, албан байгууллагууд ажилчдын цэцэрлэгтэй болох, төрийн байгууллагуудын ашиглаагүй талбайг цэцэрлэгт зориулах, орон сууц болгоны дор цэцэрлэг байгуулах зэрэг боломжийг ашиглаач ээ гэж хэлэх байна. Би нийслэлийн нэгэн хорооны барилгын ашиглаагүй талбайд цэцэрлэг байгуулж үзсэн. Болох л юм билээ. Гэр бариад цэцэрлэг байгуулсан ч болохгүй гэх газаргүй. Нөгөөтэйгүүр хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн насыг 1,6-3 нас гэж заажээ. Энэ бол хүүхэд юм сурах хамгийн идэвхтэй нас байдаг. Орчин үед чинь хүүхэд эхийн хэвлийд байхаасаа хөгждөг болсон. Төрөөд удаагүй 1-3 сартай хүүхэд ч ном сонирхдог болоод байна. Гэтэл 1,6-3 насны хүүхдийг зөвхөн харах, асрах, хамгаалах төдийгөөр орхиж болохгүй. Ингэвээс тэдгээр хүүхдүүд цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдүүдээс оюуны хөгжлийн хувьд хамаагүй хоцорно гэдгийг хэлэх байна.
“Хүүхдийн эрх хамгаалал” төвийн тэргүүн Бадамцэцэг:
-Хүүхэд эзэнгүй орхигдохгүй байх боломжийг бүрдүүлэх учир энэхүү хуулийн хүлээлт нийгэмд их байна. Амьдрал дээр харах асрах хүнгүйгээс болж, бэртэж гэмтсэн, түлэгдсэн, хүчирхийлэлд өртсөн олон жишээг бид хэлж чадна. Тиймээс энэ хууль батлагдчихвал хэсэг хүмүүс ажил, орлоготой болно гэдгээс илүүтэй хүүхдүүд хараа хяналттай болно. Энэхүү үйлчилгээ нь ашгийн бус нийгэмд чиглэсэн үйлчилгээ юм гэдгийг хуульчилж өгөх шаардлагатай. Мөн үйлчилгээ эрхлэгч нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангагдсан байх нь чухал. Хяналтын хувьд ч хүүхдийн эрхийн байгууллагуудыг оруулаасай гэж хүсч байна.
“Бөмбөөхөн” цэцэрлэгийн эрхлэгч Батзаяа:
-Хүүхэд харах үйлчилгээг хавтгайруулж боломгүй. Насны хувьд 1-2 насныхныг харж асрах үйлчилгээнд хамруулж болох юм. Гэвч хүүхдийг мэргэжлийн бус хүмүүсээр харуулах нь эрсдэл ихтэй. Хүүхдийн хоол тэжээл, орчин нөхцөлөөс эхлээд бэрхшээлтэй асуудал их бий. Эл үйлчилгээг 18 наснаас эхэлж эрхэлж болно гэжээ. 18 нас гэдэг дэндүү бага байна. Ядаж 20-25 нас болгомоор юм. Аль нэг байгууллагад ажиллаж үзсэн хүнээр л хүүхэд асруулах хэрэгтэй. Гадуур ажилгүй багш нар олон бий. Гэтэл сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагад тэднийг ажиллуулахыг зөвшөөрдөггүй хэрнээ ямар ч боловсролгүй, заах аргын талаар ойлголтгүй хүнээр хүүхэд асруулна гэдэг эргэлзээ төрүүлж байгааг хэлье гэлээ.
Энэ мэт олон санал санаачилгыг хэлэлцүүлэгт оролцогчид гаргалаа. УИХ-ын гишүүдийн хувьд энэ хуулийг дэмжихээ илэрхийлж байгаа нь сайшаалтай ч зөвхөн өөрсдийнхөө саналыг хэлчихээд гараад явж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжилсэн. Хувь, хувьсгалын цэцэрлэгт ажиллаж буй, хүүхдийн мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонсохгүйгээр сайн хууль боловсруулахгүй шүү дээ гэх хүн ч байлаа. Хамгийн гол нь хүүхэд эрүүл аж төрөх эрхийг хамгаалахын зэрэгцээ хүмүүжиж хөгжих эрхийг нь давхар бодолцох ёстойг санууллаа.