Шинэ оноос цагаан сар хүртэл амарна

Хуучирсан мэдээ: 2014.01.28-нд нийтлэгдсэн

Шинэ оноос цагаан сар хүртэл амарна

-Найз аа, цагаан сарын дараа уулзана шүү.

-Дарга аа, цагаан сарын дараагаас ажил эхлэх юм уу.

-Эгч ээ, цагаан сарын дараа гадагшаа явна гэсэн үү.

-Ээж, цагаан сарын дараа байр ашиглалтад орно гэнэ.

-Өвөө, та цагаан сарын дараа хөдөө явах юм уу…

-Уучлаарай, цагаан сарын дараа л цаг тохирох боломжтой байна. “Яагаад”. “Яахав дээ, угаасаа цагаан сар болж байгаа юм чинь завгүй ш дээ. Гэр орны ажил гэж ундуй сундуй юм байна. Тэрийгээ хийе дээ”.

Олон хүн рүү, олон газар руу залгалаа. Хариулт ерөнхийдөө нэг ийм. Зөвхөн надад ч тохиолдоод байгаа юм биш. Бүх хүн л ийм бэрхшээл ярьж байна. Тэгээд бод лоо. Шинэ оны эхний өдрөөс эхлээд цагаан сарын дуусах хүртэлх бүх өдрийг амралтын өдөр болгочихоосой гэж. Тэр дундаа шинэ жил, Цагаан сар хоёр ийм ойрхон болж байхад шүү дээ. Хэрэв тэгж гэмээнэ зөвхөн иргэн би төдийгүй улс орон ямар их мөнгө хэмнэнэ гээч. Төрийн албан хаагчдын цалинг өгөх хэрэггүй болно. Энэ нь тэр хэмжээний хэмнэлт л гэсэн үг. Улсын байгууллагад тог, цахилгаан өгөх шаардлагагүй. Эндээс бүр их мөнгө хэмнэнэ. Цаашлаад дарга нарын бензиний зардал, жолоочийн цалин, эхнэр хүүхдийг нь зугаалуулдаг элэгдэл хорогдол гээд бүх төрд хэрэггүй сул зардлаад улсынхаа дансанд үлдэнэ гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй энэ хилийн чанадад зарласан уулзалт, хэлэлцээрийг ч цуцлах хэрэгтэй. Үүнийгээ “Монголд ойрхон хоёр баяр тохиосон тул” гэж тайлбарлана. Тэртээ тэргүй бүх улс орон өөр өөрийн үндэсний баяраараа амардаг уламжлалтай тул тэд ойлгож л таараа. Харин жаахан “Ямар урт баярладаг юм бэ” гэж гайхаж л магадгүй. Гэхдээ л энэ бол бидний бус тэдний асуудал. Иймд ирэх жилээс эхлэн миний саналыг хууль болгож өгөөч гишүүд ээ. Ингэж гэмээнэ гэртээ ганцаараа цоожлуулдаг хүүхэд, багачуудын айдас ч арилна гээд бод доо. Түүгээр ч зогсохгүй хосууд гэртээ илүү олон цагийг өнгөрөөх учраас гурван сая дахь иргэний төрөг хугацаа ч ойртож мэдэх юм биш үү. Нэгэнт бүгдээрээ ажлаа хийхгүй хэрнээ асар их ажилтай завгаа байгаад байхад шүү дээ.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж