Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Анелька нутаг буцлаа

Францын шигшээ багийн гол довтлогчдын нэг Николя Анелька шигшээ багийнхаа дасгалжуулагч Реймон Доменектэй таарамж муутай байгаа учир дэлхийн аваргыг орхиж, нутаг буцахаар болжээ.

Францын хөлбөмбөгийн холбооноос бямба гаригт албан ёсны мэдэгдэл хийж, 31 настай довтлогч нутаг буцах болсныг мэдэгдсэн байна.
Мексиктэй хийсэн хэсгийн тоглолтын 46 дахь минутад дасгалжуулагч Анелькаг суулгаж, түүний оронд Жиньякийг талбайд гаргасанд тэрбээр илт дургүйцэж, дасгалжуулагчийн шийдвэрийг үл хүндэтгэн ам сөргөсөн учир ийнхүү дэлхийн аваргыг орхих болжээ. Энэ талаар Францын хөлбөмбөгийн холбооны албан ёсны вэбсайтад “Николя Анелькагийн шигшээ багийн дасгалжуулагч Реймон Доменект хэлсэн бүдүүлэг үг яриа, доромжлол Францын хөлбөмбөгийн холбоо, хөлбөмбөгийн спортод байж боломжгүй үйлдэл. Франц болон Мексикийн багийн тоглолтын эхний хагас өндөрлөсний дараа болсон энэхүү зүй бус үйлдлийн дараа холбооны ерөнхийлөгч Жан-Пьер Эскалет Николя Анелькад хандан Францын нийт хөлбөмбөг сонирхогч,  фанатуудаас уучлал хүсч, Реймон Доменек болон дасгалжуулагчийн баг, Францын шигшээ багийн тоглогчдоос албан ёсоор уучлал хүсэхийг зөвлөсөн. Гэвч тоглогч өөрөө уучлал гуйхаас татгалзсан учир ноён Эскалет дээрх шийдвэрийг гаргасан. Тэрбээр энэ үдэш Францын шигшээ багийнхныг орхих болно” гэжээ.

1998 онд нутгийнхаа дэвжээнд түрүүлж, “Алтан дагина” хүртэж байсан Францын шигшээ 2006 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн боловч энэ удаад хэсгийн шатнаас хасагдахад хүрээд байгаа билээ. Тэд нээлтийн тоглолтоо Уругвайн багтай хийж, гоолгүй тэнцэн, улмаар баасан гаригийн үдэш Мексикийн багт 2:0-ээр ялагдсанаар нэг оноотой хэсгийнхээ гуравдугаар байрт бичигдээд байгаа юм. Хэсгийн сүүлийн тоглолтод тэд зохион байгуулагч Өмнөд Африкийн шигшээтэй тоглох бөгөөд хэрэв тэд “Бафана Бафана”-г ялж, харин Мексик, Уругвай нар тэнцэлгүй, аль нэг нь хожсон тохиолдолд Реймон Доменекээр удирдуулсан Францын шигшээ дараагийн шатанд өрсөлдөх боломжтой болох билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж