Улс төрийн намуудын удирдлагын ээлжит уулзалтаар нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хууль болон төрийн тогтолцооны талаар хөндөн ярилцав. Тухайлбал, Үндсэн хуулийн дордохын долоон өөрчлөлтийг засах зайлшгүй шаардлага байгаад санал нэгдэв. Төрийн албан хаагчид хариуцлага тооцох ёс зүйн асуудлыг ч “эцэг” хуульд тусгах ёстой гэв. Мөн Монгол Улсын засаг захиргаа хэт давхардсан, үрэлгэн тогтолцоотой байгаа учир үүнийг Үндсэн хуульд зааснаар өөрчлөх хэрэгтэй гэдэгт санал нэгдлээ. Өнөөгийн Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн байгаа нь төрийн эрх барих дээд байгууллага парламентыг эрх зүйн чадамжгүй болгож байна. Үүний нэгээхэн жишээ Засгийн газар улсын төсвийн 7.4 их наяд төгрөгтэй тэнцүү шахам хэмжээний мөнгийг төсөл, хөтөлбөр, бонд нэрээр төсвөөс гадуур, хяналтгүй зарцуулж байгаа нь УИХ гүйцэтгэх засаглалаа хянаж чадахгүй болсны илрэл. Тиймээс эрх мэдлийн давхар дээлийг дан болгох Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх ёстой гэдэгт санал нэгдлээ.
Хоёрдугаарт, сонгуулийн хууль, тогтолцооны талаар хэлэлцэв. Сонгуулийн хууль, тогтоомж иргэд, сонгогчдод ойлгомжтой, саналаа өгөхөд амар хялбар, өгсөн саналдаа сэтгэл ханамжтай байхуйц тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага байгаа тухай санал бодлоо солилцлоо. Цахимаар тоолсон сонгогчдын саналыг дахин гараар тоолж баталгаажуулан эргэж мэдэгддэг байх заалтыг хуульд оруулах нь зүйтэй гэж улс төрийн намуудын удирдлага үзэж байна. Мөн сонгуулийг бага зардлаар явуулдаг байх хувилбарыг ч дэмжлээ.
Гуравдугаарт, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгаа болсон улс төрийн намуудын шинэчлэл, төлөвшлийн асуудлыг хөндөн ярилцлаа. Намуудын гишүүнчлэл, санхүүжилт, өмч хөрөнгө, боловсон хүчний бодлогын асуудал зэргийг эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар шийдвэрлэх нь зүйтэй. Түүнээс бус эрх баригчдын ярьсан шиг парламентад суудалгүй улс төрийн намуудыг шууд татан буулгах замаар асуудлыг шийдвэрлэх гэж оролдох нь хэтэрхий бүдүүлэг алхам гэж уулзалтад оролцсон улс төрийн намуудын дарга нар үзэж байна. Тиймээс Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахдаа парламентад суудалгүй улс төрийн намуудын төлөөллийг ажлын хэсэгт оруулж, саналыг нь тусган батлах хэрэгтэй гэдэгт санал нэгдэв.
Энэхүү нээлттэй уулзалтын үр дүнд улс төрийн намуудын удирдлага улс орны язгуур эрх ашгийг үндэс болгон тодорхой зарим асуудлаар зөвшилцөн ойлголцож ажиллахаа илэрхийлсэн Тунхаг бичигт гарын үсэг зурлаа.
Г.ДАРЬ