
Эрүүл мэндийн дэд сайд, НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа өнөөдөр “Гэр цэцэрлэг” төслийн талаар мэдээлэл хийлээ. Төслийн хүрээнд нийслэлийн дүүргүүдэд гэр цэцэрлэг байгуулах бөгөөд эхний ээлжинд Баянзүрх дүүргийг сонгосон байна. Тус дүүргийн 9, 17, 19, 24 дүгээр хороонд сургуулийн өмнөх насны нийт 4426 хүүхдээс дөнгөж 752 нь цэцэрлэгт хамрагддаг судалгаа гарчээ. Тиймээс энэхүү “Гэр цэцэрлэг” төслийг санаачлах болсон бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, олон улсын “Good neighbors” хүмүүнлэгийн байгууллага хамтран хэрэгжүүлэх юм байна. Баянзүрх дүүрэгт нийт 10 гэр цэцэрлэг байгуулах төлөвлөгөөтэй бөгөөд эхний цэцэрлэг удахгүй ашиглалтад орох ажээ. Нэг цэцэрлэгт 50 орчим хүүхэд хүмүүжүүлэх бол цаашдаа дүүргийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах байдлаас шалтгаалж тухай бүрт хүүхдийн тоог шийдэн цэцэрлэгийг байгуулах юм байна.
Ийнхүү төслийг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын “Good neighbors” хүмүүнлэгийн байгууллага нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий БНСУ-ын брэндийн хувцас хандивлажээ. Эдгээр хувцсыг 50-60 хувиар хямдруулсан үнээр худалдаж, олсон орлогоос төслийн санхүүжилтэд нэмэр болгох юм байна. Хувцас худалдах цэгүүдээс дурдвал,
- “Дүнжингарав” худалдааны төв энэхүү төслийг дэмжин ажиллаж, 1069-1085 дугаар лангуунуудад,
- “Баянзүрх” их дэлгүүр
- “Сандэй” плаза
- “Выставка” худалдааны төв
- Хорооллын “Нарлаг” төв
- “Москва” их дэлгүүр
- ТБД андууд их дэлгүүр
- “Старт центр”-т тус тус худалдах ажээ.
Ийнхүү цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг “Гэр цэцэрлэг”- т цаашдаа ихээр хамруулан, сургуулийн өмнөх боловсрол олгоход шаардлагатай санхүүжилтийг заавал улсын төсвөөс гаргуулна гэлтгүй, өөр боломжийг хайн шийдэж байгаа ажээ.
Б.МИШЭЭЛ