Төрийн аудитаас 2014 онд хийх аудитын сэдвийг батлав

Хуучирсан мэдээ: 2014.01.28-нд нийтлэгдсэн

Төрийн аудитаас 2014 онд хийх аудитын сэдвийг батлав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн / 2014.01.28 / хуралдаанаар эхлээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт нар жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийн буцаан олгохоор татвараа шууд хөнгөлөөд аваад явж болохгүй юу, татвараа бүртгүүлэх, тайлагнах гээд дахиад л хүнд суртал, чирэгдэл, авилга, хээль хахууль болох юм биш үү гэсэн асуулт тавьж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан асуултанд хариулахдаа татварыг хэт хялбаршуулах нь сөрөг үр дагавартай, татварын хөнгөлөлт чөлөөлөлт нь агуулгаараа өөр болно. Энэ хуулийн нэмэлтээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тайлангаа цаг хугацаанд нь зөв гаргах, татвараа төлсөн байх сайн талтай гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ж.Эрдэнэбат нарын гишүүд буцаан олгох гэдгийг хөнгөлөлт гэж солих санал гаргасан ч дэмжлэг авсангүй. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх хуулийн төслийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Дараа Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын найм гишүүний / 2013.03.19 /-ний өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хийлээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын босго үнийг 200,0 сая төгрөг болгож өөрчлөх, ингэж тогтоосноор бага дунд орлоготой аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих бодит боломж бий болж, ханшийн өөрчлөлт, инфляци зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан ихээхэн ялгаа бий болсон байдлыг арилгаж үйл ажиллагаанд хүндрэл, бэрхшээл учруулж байсан татварын дарамт ачаалал багасч, улсын хэмжээнд үйлдвэрлэлийг сэргээх, дэмжих бодлоготой нийцнэ гэлээ.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Инженер, технологийн дээд боловсрол төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр танилцууллаа.

Төслийн хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын их сургуулийн инженер бэлтгэх болон байгалийн ухааны хөтөлбөрүүд хамрагдана. Төслийн хүрээнд баклаврын сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн хосолсон хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн практик чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх, Японы их, дээд сургуулийн магистр болон докторын зэрэгт болон зэргийн бус сургалтуудад багш нарыг сургах, дотоодын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, хоёр орны их, дээд сургуулиудын хооронд хамтарсан судалгааг хэрэгжүүлэх зэргээр Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт тулгараад буй хүний нөөцийн дутагдлыг арилгаж, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах ихээхэн ач холбогдолтой юм. Зээлийн нийт дүн 75 сая ам.долларын хөрөнгийг жилийн 0,2% хүүтэй, 20 жилийн хугацаанд буцаан төлөх, үүнээс эхний 6 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй.

Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр мөн төслийн хүрээнд хүлээн авах оюутны тоо хос хөтөлбөрт – 320 оюутан, Японд багш сургах (зэргийн) – магистр 100 багш, Доктор 60 багш, зэргийн бус сургалт (урт/богино) – 321 удаа, мэргэжлийн сургуульд оюутан суралцуулах – 200 оюутан, хамтарсан судалгаа хийх – 20 судалгаа байгаагаас гадна Япон улсаас багш нар манай улсад ирж хичээл заана нэмэлт мэдээлэл өглөө.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар авьяас чадвартай, мэргэжлээрээ ажиллах хүүхдүүдийг сургалтын хөтөлбөрт хамруулан суралцуулах, үүнд хяналт тавьж ажиллана гэсэн саналтай байгаагаа хэллээ. Зээлийн гэрээг зөвшилзөх нь зүйтэй гэж үзэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Эцэст нь Төрийн аудитын байгууллагаас 2014 онд хийх аудитын сэдвийг батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн хорооны тогтоолын төсөлд Авто замын, Хөгжлийн банкны, Эмийн болон тариалангийн тухай хуулийн хэрэгжилтэнд, гишүүн С.Ганбаатарын Бонд, Төрийн өмчит компанийн / Дарханы төмөрлөгийн үйлдвэр /, Сангуудад / Нийгмийн даатгалын сан / аудит хийлгэе гэсэн санал гаргасныг гишүүд дэмжих, Үндэсний аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийг үндэслэн 2014 – 2017 онд хийх аудитын сэдвийг боловсруулсан тус байнгын хороогоор батлуулахаар ирүүлснийг гишүүд хэлэлцэн баталлаа.

Мал аж ахуйг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, болон “Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээлэлийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд сонсны  дараа сонсохоор боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж