Голланд Японыг хожиж, Австрали Ганатай тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Голланд Японыг хожиж, Австрали Ганатай тэнцлээ

Голланд Японыг хожиж, Австрали Ганатай тэнцлээ

Дэлхийн аваргын ногоон дэвжээнд энэ үдэш хоёр тоглолт өрнөсөн нь “D” хэсгийн Гана болон Австрали, “Е” хэсгийн Голланд багийн Японы багийн тоглолт байлаа.

“Үхлийн хэсэг-2” хэмээн нэрлэгдэж буй “D” хэсэгт чангахан сугалаа татсан Гана болон Австралийн шигшээ багийн тоглолт Рустенбург хотын “Роял Бафокенг” цэнгэлдэхэд болж, 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн юм. Монголын цагаар 22.00 цагаас эхэлсэн энэ тоглолтын дөнгөж 24 дэх минутад Итали шүүгч Роберто Росеттигийн шийдвэрээр Ногоон тивийн довтлогч Харри Кьюэлл улаан картаар торгуулж, талбайг чөлөөлсөн юм. Тэрбээр Ганын хамгаалагч Жонатан Месагийн цохилтыг гараар хаасан учир ийнхүү сэлгээний суудалд шилжжээ.

Тоглолтын 11 дэх минутад Ганын хаалгач Ричард Кингсоны алдааг овжин ашиглаж, Бретт Холмэн Австралийн багт давамгайлал авчирсан. Харин 24 дэх минутад Кьюэлл алдаа “Хар одод”-ын багт торгуулийн цохилт гүйцэтгэх завшаан олгож, улмаар Асамоа Гьян тооны харьцааг тэнцүүлжээ. Тоглолтын хоёрдугаар хагаст Африкийн төлөөлөл болсон Ганын багт гоолын боломж нэг бус удаа тохиосон ч тоглолт тэнцээгээр өндөрлөх тавилантай байв.

Хэсгийн хоёр тоглолтын дараах байдлаар Ганын баг дөрвөн оноотой хэсгээ тэргүүлж байгаа бол өчигдөр Сербийн багт ялагдал хүлээсэн Германы шигшээ Сербийн багийн хамт гурван оноотой удаалж байна.

Дээрх тоглолтын дараа Австралийн шигшээ багийн дасгалжуулагч Пим Вербеек “Бид дараагийн тоглолтод дор хаяж 3:0-ээр хожих ёстой болж байна. Хэдий хэцүү даалгавар ч гэлээ бид өрсөлдөөнөөс хасагдаагүй байна. Гэхдээ би тоглогчдоороо үнэхээр бахархаж байна. Ийм удаан хугацаанд 10 тоглогчтой тоглоно гэдэг амаргүй даваа шүү дээ” гэжээ.

“Улбар шарууд” шөвгийн 16-д

Харин өнөөдөр 19.30 цагаас Дурбан хотын Мосес Мабхида цэнгэлдэхэд эхэлсэн “Е” хэсгийн Голланд болон Японы багийн тоглолт 1:0 харьцаатай “Улбар шарууд”-ын ялалтаар өндөрлөсөн юм. Дэлхийн аваргын сонгон шалгаруулалтаас эхлээд л тун одтой байгаа Голландын шигшээ багийнхан 53 дахь минутад Уэсли Снейдерийн оруулсан гоолын ачаар өрсөлдөгчөө төвөггүй буулган авчээ. Ам дамжсан цуу яриа, хэвлэлээр цацагдаж байсан мэдээллийн дагуу гэмтэл нь илааршсан Робин ван Перси Японы эсрэг хийсэн тоглолтод талбайд гарсан бөгөөд үүргээ ч сайтар биелүүлж, Снейдерт гоолын дамжуулалт өгсөн байна.

Хэсгийн эхний тоглолтдоо Данийн шигшээг 2:0-ээр хожсон “Улбар шарууд” ийнхүү хоёр тоглолтоос зургаан оноотой болж, хэсгээ манлайлж байна. Тэд ямартай ч дэлхийн аваргын шөвгийн 16-д шалгарах нь тодорхой боллоо.

Мөн энэ хэсэгт багтсан Камерун болон Данийн багийн тоглолт 02.30 цагаас Претория хотын “Лофтус Версфельд” цэнгэлдэхэд эхэлнэ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж