Эхэнд “Нарантуул” худалдааны төвийн урдах эсэргүүцэгч охиныг онцолж байна. Газар шороогоо хамгаалах хөдөлгөөн өрнүүлж, эцэст нь тэмцлийн аргаа буруу сонгосноосоо болж ял авсан Ц.Мөнхбаяр нарыг өмөөрч буйгаа илэрхийлэн “Бүх амьдралаа байгаль дэлхий монгол түмнийхээ төлөө зориулж яваа эх орончдыг 22 жил яллаж байгаа нь дэндүү шударга бус юм аа” гэх үгтэй лоозон барьжээ. Мэдээж хэн ч үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Түүний энэхүү илэрхийллийг дэмжигчид ч, эсэргүүцэн буруутгагчид ч олон байлаа.
Дараагийн зураг бол Соёлын сайдад зориулсан егөө бүхий эвлүүлэг байлаа. Сочигийн өвлийн олимпод явахаар болж буй тамирчдадаа зориулж хийлгэсэн хувцас нь олон нийтэд таалагдаагүйгээс ийм егөө гарч буй гэдгийг хаа хаанаа бодмоор.
Мөн өдрийн нэгэн үйл явдлын зураг нь өмнөх нийгмийн ховорхон кадрыг санагдуулам үйл явдал байлаа. Усны машин ирж, хүмүүс ус авахаар дугаарлан зогсчээ. “Вива сити” хотхоны ус тасраад тав хоножээ. Пессимистүүд “энэ хотхон арай ч хэтэрнэ ээ, дэндүү юм” гэж шүүмжилсэн бол оптимистууд “оршин суугчдаа бодож байгаа нь сайшаалтай” хэмээцгээж байв.
Удаах зураг нэг модны үнэ цэнийн тухай. Түүний үр ашгийн тооцвол 197 сая 640 мянган төгрөг болж буй аж.
Энэхүү өдрийн нэгэн зургийг хүн бүр л сонирхон харж байх шиг байлаа. Энэхүү зурагт нэр өгвөл “Н.Энхбаярын сураг”. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр БНСУ-ын сүмд долоо хоног номын дуу сонсч буй гэнэ. Таавар, улс төрийн чамгүй тоглогч, сенсаацийн эзэн маань биеэ бэлдсээр л байгаа бололтой.
Өчигдрийн үйл явдлыг илэрхийлэх өөр нэг зураг бол Буянт-Ухаагийн дэнж дээр баригдсан орон сууцны нээлтийн мэдээлэл байв. Энэ тухай Н.Алтанхуяг сайд “Бид сэтгэл санаа нийлж, нэг нэгнээ дэмжээд ажиллавал том бүтээн байгуулалт хийж чадна гэдгийг энэ хороолол харууллаа” гэснийг нь чамгүй хүн дэмжиж байв.
Сүүлд онцлох зураг мөн л улстөрч. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Дэлхийн энхийн их наадмынхнаас “Энхийн шагналтан” гэх шагналыг авчээ. Уг шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Энэ бол Мүүний шашин биш шүү” гэж дахин дахин тодотгосон ч олон хүн энэхүү байгууллагыг мүүнийх гэдэг ойлголттой хэвээр байгаа нь жиргээчдийн хандлагаас харагдаж байлаа.