&#34Хүн байгалийн харилцаанаас хур бороо шалтгаална&#34

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

&#34Хүн байгалийн харилцаанаас хур бороо шалтгаална&#34

XVII жарны Ялгуусан хэмээх модон морин жил Монгол түмэнд хэр үр өгөөжтэй, бүтээлтэй жил байх талаар зурхайд хэрхэн буусан талаар Гандантэгчэнлин хийдийн Бадма Ёга дацангийн ловон лам Ц.Гүнчин-Иштэй ярилцлаа.

-Айлчлан ирж буй “ял­гуусан” хэмээх модон морь жилийн онцлог нь зурхайд хэрхэн буусан бол?

-Цаг агаарын хувьд улир­лын эхэн сарууддаа бага зэргийн салхи, шуургатай, дунд хэсэгтээ бороо, хур багатай, харин сүүл хэсэгтээ хур элбэгших төлөвтэй. Өмнөх жилүүдийг бодвол зуны цагт хур жаахан татуухан байж магадгүй. Гэхдээ хүн байгальтайгаа хэрхэн харьцана, түүнээс хур бороо шалтгаалах нь бий. Тухайлбал хүн ардын сэтгэл санаа тогтуун, эв түнжинтэй байвал байгаль дэлхий тэр хэрээр үр шимээ өгдөг. Тиймээс нийгэмдээ эв найртай байх нь чухал. Төр засгийн хувьд ч тогтуун сайхан байх төлөвтэй байгаа. Элдэв янзын өвчин эмгэг гарахгүй байх. Насны хувьд идэр залуус болон дунд эргэм насныханд сайн. Настайчуудад ширүү­хэндүү жил байх төлөвтэй.

-Урьд өмнөх морь жи­лүүдэд цаг агаарын болон нийгмийн өөрчлөлтүүд их гарч байсан. Хөх морь жи­лийн хувьд хэр байх вэ?

-Яг тухайн жилүүдийнх шиг нийтийг хамарсан айхтар том үер, байгалийн гамшиг тохиолдохгүй ч зарим газар ус ихсэх магад­лалтай. Аливаа то­хиолдолд хү­ний үйлдлээс асар их зүйл шалтгаалдаг. Тиймээс хүн болгон тус бүрнээ буяныг эрхэмлэн, нүглийг тэвчих учиртай. Тэр цагт аливаа асуудлаас айж, мэгдэн, сандрах шаардлага гарахгүй шүү дээ.

-Шинийн нэгний өглөө гэр бүл өрхийн тэргүүн нь зүг чигээ гаргачихад болно гэдэг. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Өглөө эрт өндөр ууланд гарч, наранд мөргөн, зам мөрөө гаргах нь хуучны уламжлал л даа. Ингэхдээ аз хийморийн зүгтээ гарч цай, сүүний дээжээ өргөөд буян хишгийн зүгээс ирдэг. Өөрөөр хэлбэл өрхийн тэргүүн мөрөө гаргачихаад ирэхэд эзэгтэй нь хүлээж авах бэлтгэлээ хангаад идээ, будаагаа бэлдэж байдаг нь хуучны уламжлал гэсэн үг. Эр нөхөр нь өрх гэрээ толгойлж авч явдаг гэдэг утгаараа ингэдэг байсан хэрэг. Гэхдээ зан үйлдээ бүсгүй хүн болоод хүүхэд залуус шинийн 1-нд мөр гаргаж болно, болохгүй гэсэн зүйл байхгүй. Түүнчлэн хүн бүр аз хийморийн зүгтээ гарч болдоггүй учир бий. Хэрвээ нохойн ам тэр зүгт таарвал арай өөр тийшээ гардаг ёстой. Морин жилийн хувьд нохойн ам өмнө зүг рүү харж байгаа.

-Зүг мөр гаргах үйлдлээс гадна сүүлийн жилүүдэд уул, овоо тахих ёслол их үйлддэг болсон. Мэдээж тодорхой хэмжээний учир жанцан байгаа биз дээ?

-Сар шинэтэйгээ холбог­дуулан хэлэхэд шинийн нэгний өглөө уул, овоондоо цай, сүүний дээж өргөн, идээ будаагаа барих нь тахиж байгаа зүйл биш. Уул, овоо тахихад сайн, лусын буулттай тусгай өдрүүд байдаг. Лус ирнэ, очно, хэвтэнэ, буцна гэсэн асуудал бий. Гэхдээ зам зуурт яваа хүмүүс овоонд хүндэтгэл үзүүлэх нь хэвийн үзэгдэл.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж