567 айлын орон сууц ашиглалтад оруулав

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

567 айлын орон сууц ашиглалтад оруулав

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Буянт-Ухаа дэнжид өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас орон сууцны хороолол барих ажил эхэлсэн билээ. Орон сууц барих ажил есөн сарын хугацаанд үргэлжилснээр өнөөдөр эхний ээлжийн 567 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, тууз хайчиллаа. Тууз хайчлах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Төрийн орон сууцны корпорацийн захирал Л.Гантулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн захирал Т.Эрдэнэбат нар оролцлоо. 

Орон сууц барих ажлыг Үндэсний бүтээн байгуулалтын корпораци гардан гүйцэтгэж байгаа юм. Тус корпорацид “Дельта констракшн”, “БҮТИ”, “И Си Си”, “Улаанбаатар барилга”, “Эрэлт импекс” компаниуд нэгджээ.

Нийт 2676 монгол ажилтан есөн сарын хугацаанд дээрх барилгыг барьж ашиглалтад оруулж байгаа нь энэ аж. Тус орон сууцны давуу тал нь бага, дунд орлоготой иргэд хамрагдах боломжтой. Одоогоор орон сууцны 1 м2-ын үнэ эцэслэж гараагүй байгаа ч 1.3 сая төгрөгөөс дээш гарахгүй болов уу гэх мэдээллийг эхний ээлжинд компанийн зүгээс өгч байна. Орон сууцны захиалгыг сар шинийн дараагаас буюу хоёрдугаар сарын 15-наас эхлэн Төрийн орон сууцны корпорациар дамжуулан авах аж.

Энэ удаад 567 айлын орон сууц ашиглалтад орж байгаа бол ирэх тавдугаар сард үлдэж байгаа 1000 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх юм байна.

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж