Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Ертөнц” цомог дэлхий дахинд нэгэн зэрэг нээлтээ хийн сонсогчдын хүртээл болсон юм. Дэлхий дахинд хэмээн тодотгосны учир нь уг цомог Монголын сонсогчдын гар дээр цомог хэлбэрээр ирэхийн сацуу, дэлхийг хэрэн сүлжсэн itunes, Worldwide, Spotify, Amazon MP3, Google Play, RDio, Deezer, Xbox Music, Nokia, Rhapsody, eMusic, simfy, Buve Music, Muspace Music, iHeart Music, MediaNet, Vervelife цахим ертөнцөд ч худалдаалагдаж эхэлсэн билээ.
2013 оны хамгийн их борлуулалттай цомгоор тодорсон “Ертөнц” цомгийн тоглолт XVII жарны Ялгуусан хэмээх Модон морин жилийн шинийн 3-ны өдөр буюу ирэх хоёрдугаар сарын 2-нд 21.15 минутад МҮОНТ-ээр гарах юм. Энэхүү тоглолтыг “Дэлхий” хамтлаг МҮОНТ-ийн "XX зуун 100 жил" кино групп, “Цагаан лавай” студид амьд тоглолтын хэлбэрээр шууд бичүүлсэн гэдгээрээ онцлогтой бөгөөд “Алтан фонд” сан хөмрөгт хадгалагдан үлдэх нь.
Амьд тоглолт нь үзэгчдийн сэтгэлд илүү ойр хүрэхийн зэрэгцээ уран бүтээлчдийн багийн ажиллагаа, ур чадварыг шаарддаг. Тус тоглолтын найруулагчаар "XX зуун 100 жил" кино группийн найруулагч А.Энхболд, продюсер М.Болд, хөгжмийн зохиолч Г.Онон, дууны найруулагч Д.Батсайхан, гүйцэтгэх продюсер Ш.Жавхлан, зураач Д.Лхагвадорж, дизайнер Ариуна Сури нар ажиллажээ.
“Ертөнц” цомгийн уран бүтээлчид хэц, хубис, хэл хуур гээд мартагдах шахсан хөгжмийн зэмсэгүүдийг эргэн эгшиглүүлж, нүүдэлчдийн түүх болон соёлын өвийг өөрсдийн уран бүтээлээрээ дамжуулан хадгалах, сэргээх, сурталчлах, дэлхий дахины сонорт хүргэхийг зорилгоо болгосон. Тиймдээ ч бүтээлүүд нь тодорхой зохиомжинд агуулагдаж, тэнгэр огторгуй, газар дэлхий, цаг хугацаа, нүүдэлчдийн ахуй амьдрал, бөөгийн зан үйл, уламжлалт өв соёлыг хөгжмийн аялгуу, байгалийн унаган дуу чимээтэй сүлэн илэрхийлсэн юм.
“Bros’s Records”-ын бүтээсэн “Ертөнц” цомгийн тоглолтын гайхалтай аялгууг энэ үдэш “Дэлхий” хамтлагийн уран бүтээлчид толилуулна. “Дэлхий” хамтлагт “Ертөнц” цомгийн хөгжмийн зохиолч Г.Онон даралтат хөгжим, товшуур, хэц, хэл хуурыг тоглон тус цомгийн продюсер М.Болд ерөөл өргөн товшуур хөгжмийг эгшиглүүлнэ. Мөн “Азийн ятгын хатан хаан” өргөмжлөлт “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, “A sound” хамтлагийн гитарчин Ц.Алтангэрэл буюу Атка, бөмбөрчин Ю.Батпүрэв, “Жонон” хамтлагийн лимбэчин Б.Цогбаяр, “A sound”-ын аргил гитарчин Д.Мөнхболд, флейт, лимбэчин Б.Цогбаяр, “Баян Монгол” чуулгын саксфонч Ц.Нямгэрэл, хийлч М.Ариунгэрэл нар цэнхэр дэлгэцнээр дамжуулан таны гэрт “Ертөнц” тоглолтыг сонордуулах нь.
Монголын шилдэг хөгжимчдөөс бүрдсэн “Дэлхий” хамтлаг нь “Ертөнц” төслийн дор нэгдсэн уран бүтээлчдээс бүрддэг. Гэхдээ тэд хамтлагаасаа гараагүй. Өөр өөрийн уран бүтээлээ туурвисаар яваа бөгөөд “Ертөнц” тоглолтын хүрээнд тайзнаа хэд хэдэн удаа хамтран тоглосон юм.
Дашрамд дурьдахад, “Ертөнц” төслийн багийнхан дараагийн “Байгаль” цомгийн ажилдаа хэдийнээ оржээ.
Б.ЗУЛ
Эх сурвалж: http://entertainment.eagle.mn