Сар шинэдээ саар үг халдаахгүй

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

Сар шинэдээ саар үг халдаахгүй

Сар шинэ ойртжээ. Энэ жил хүнс болон өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх жилийнхээс мэдэгдэхүйц нэмэгдсэн болохоор иргэдийн хувьд сар шинийн зардал өндөр гарч байгаа нь мэдээж хэрэг байх. “NEWS WEEK” иргэдийн цагаан сарын бэлтгэлийг сонирхлоо. Сар шинийн төсөв их байна гэхээсээ илүү “Сайхан тэмдэгдэж, ёслох нь чухал” гэсэн хариултыг тэдний олонхи нь өгч байв.

Я.Шагдарсүрэн

/Соёлын гавьяат зүтгэлтэн/

-Цагаан сар бол монголчуудын хамгийн сайхан баяр. Энэ баяраар ирэх жилийнхээ өнгийг тодорхойлдог гэж үздэг учир идээ будаагаа элбэг дэлбэг байлгахыг зорьдог. Цагаан сарын идээ хэдий чинээ элбэг дэлбэг байна ирэх жилд төдий чинээ өөдрөг сайхан байна гэж билгэшээдэг. Баярын хэрэглээний зүйлсийн үнэ жил ирэх тусам нэмэгдэж байна. Гэхдээ айл бүр өөр өөр өртгөөр баяраа тэмдэглэдэг байх. Миний хувьд өнгөрсөн жил нэг сая хоёр зуу орчим мянган төгрөг зарцуулж байсан. Энэ жил сая таван мянган төгрөгт багтахгүй л байна.

Ж.Цэрэнхүү

/Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны иргэн/  

-Жилдээ ганц тохиодог баяраа сайхан тэмдэглэлгүй яахав. Бараа бүтээгдэхүүний үнэ өслөө л гэнэ. Шинэ сар хаяанд ирчихсэн байхад сайхан зүйлс ярьж, болгож бүтээнэ л гэж бодно шүү дээ. Хүний дайтай Цагаан сараа тэмдэглэж, ирэх жилийн өнгөө тодорхойлолгүй дээ. Юмыг болохгүй байна, бүтэхгүй байна гэхээсээ илүүтэй болгоё, бүтээе гэсэн бодолтой байх ёстой.

Үр хүүхэд, ач гучтайгаа цуглаад Цагаан сарын баяраа сайхан тэмдэглэнэ дээ.

Ц.Төмөр-Очир

/Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэн/

-Ер нь доллар, юанийн өсөлтөөс болоод бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь мэдрэгдэж л байна. Бензин, түлш гэхэд саяхан 40 төгрөгөөр нэмэгдчихлээ. Гэхдээ сайхан жил гарах гэж байна. Муу амлаад яахав. Цагаан сараар ирэх жилийн өнгөө тодорхойлдог гэж билгэшээдэг учир сайхан л тэмдэглэхийг бодно. Морин жилдээ амар амгалан байхыг ерөөе.

Б.Доржсүрэн

/Сүхбаатар дүүргийн иргэн/

-Цагаан сараа уламжлалын дагуу, олны жишгээр тэмдэглэнэ дээ. Баяр ойртож байгаа энэ үед бараа бүтээгдэхүүн өслөө, ширээгээ засч чадахгүй нь, хүүхдүүдээ баярлуулж чадахгүй нь гээд яахав. Боломж, чадлынхаа хэрээр баяраа тэмдэглэх санаатай байна.

С.Жаргалсайхан

/Сүхбаатар дүүргийн иргэн/

-Бусдын жишгийн дагуу тэмдэглэнэ. Бараа бүтээгдэхүүн өссөн нь энэ жил маш их мэдрэгдэж байна. Өнгөрсөн жилийнхтэй адилхан бараа аваад тэмдэглэхэд л мөнгөний дүн илүү гарч байх жишээтэй. Гэлээ гээд яахав дээ. Заавал Цагаан сарыг тэмдэглэ гэж тушаасан биш. Заавал хонины ууц ширээндээ тавих ёстой гэсэн хуультай биш. Ямар ч байсан идээ будаагаа засаад, ах дүүсээ хүндлээд, ёс заншлаа дээдэлнэ. Монгол хүн биз дээ, бид чинь. 

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж