Энэ жилийн "Австралийн нээлттэй тэмцээн"-ий нийт шагналын сан 33 сая долларт багтсан бөгөөд эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд 2,430.000 доллар, хосын төрлийн аваргууд 470 мянган долларын шагналын хүртэж, чансааны 2000 оноо хүртжээ. Ганцаарчилсан төрлийн хоёдугаар тойрог буюу 1/128-д шалгарахад л 27 мянган долларын шагнал хүртэх аж.
Энэ жилийн эмэгтэй болон эрэгтэй ганцаарчилсан төрөлд шинэ аваргууд төрлөө. 32 настай Ли Нагийн хувьд тус тэмцээний шигшээд өмнө нь хоёр удаа шалгарахдаа Белгийн Ким Клийстерс /2011/, Беларусын Виктория Азаренка /2013/ нарт ялагдаж байсан. Азийн тэргүүн теннисчин Ли Нагийн хувьд 2011 онд "Францын нээлттэй тэмцээн"-нд түрүүлж, Хятад теннисчин анх удаа "Их дуулга" тэмцээнд түрүүлсэн амжилтыг үзүүлсэн. Ийнхүү Ли На хоёр дахь “Их дуулга”-ын цомоо Мельбурнд хүртлээ. Түүний хувьд шөвгийн наймд үлдсэн теннисдээс түрүүлэх магадлалтай теннисдийн тоонд зүй ёсоор багтаж ирсэн. Учир нь шөвгийн наймд АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нарын шилдэг тоглогчид шалгараагүй юм. Мөн шилдгүүдээс өнгөрсөн жилийн аварга Беларусын Виктория Азаренка үлдсэн ч хагас шигшээд Польшийн Агнешка Радваньскад ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Энэхүү боломжийг алдаагүй Ли На хагас шигшээд 19 настай Канадын Бушард, шигшээд Словакийн Цибулкова нарыг буулган авснаар түрүүлсэн юм.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ч шинэ аварга төрлөө. Тус тэмцээнд түрүүлэх магадлалтай Испаний Рафаэль Надаль, Сербийн Новак Жокович, Их Британы Энди Маррей болон Швейцарийн Рожер Федерер нарын шилдгүүд шөвгийн наймд шалгарсан. Гэвч тэднээс Надаль Рофер Федерерийг хожиж шигшээд шалгарсан ч нөгөө хэсгээс шалгарсан Вавринкад ялагдсан.
Тэмцээнд наймд эрэмбэлэгдэн тоглосон Вавринка 1/8-д сүүлийн гурван жил дараалан Мельбурнд түрүүлээд байсан Сербийн Новак Жоковичийг буулган авсан амжилтаа бататгаж, Чехийн Томаш Бердых, Испаний Рафаэль Надаль нарыг хожсоноор анхны “Их дуулга”-ын түрүүгээ хүртэж байна. Түүний хувьд өнгөрсөн жилийн “Америкийн нээлттэй тэмцээн”-ий хагас шигшээд шалгарсан нь "Их дуулга" тэмцээний хамгийн өндөр амжилт нь байсан юм. Ийнхүү энэ жилийн ганцаарчилсан төрөлд шинэ аваргууд төрлөө. Шинэ аваргуудын хувьд 2,430.000 долларын шагнал хүртэж, чансааны 2000 оноо хүртсэн юм.
Тэмцээнд гуравт эрэмбэлэгдэн тоглосон ОХУ-ын Мария Шарапова дөрөвдүгээр тойргоос тэмцээнийг орхисон. Түүнийг зогсоосон теннисчин бол Словакийн Доминики Цубулкова юм. Тус тэмцээнд 20-т эрэмбэтэй тоглосон Цибулкова дөрөвдүгээр тойрогт Мария Шараповаг, улмаар Румын Халеп, Польшийн Агнешка Радваньска нарыг хожсоноор шигшээд шалгарсан юм.
Энэ жил 30 настай Цибулковагийн хувьд тус тэмцээнд долоо дахь удаагаа оролцохдоо хамгийн оргил амжилтаа үзүүллээ. Энэ нь ч түүний “Их дуулга” тэмцээнд үзүүлж буй хамгийн оргил амжилт юм.
Өнгөрсөн онд WTA оны шинэ одоор нэрлэгдсэн Канадын Эжени Бушар Мельбурнд шинэ түүхийг бичлээ. Бушар энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарсан нь Канад теннисчин 1980 оноос хойш тасалдаад байсан амжилтыг бичсэн юм.
Энэ жил 19 настай Бушарын хувьд тус тэмцээнд анх удаа оролцохдоо 30-д эрэмбэлэгдэн тоглосон. Тэрээр шөвгийн найм хүртлээ өөрөөсөө чансаа доогуур теннисчдийг хожоод байсан бөгөөд хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Сербийн Ана Ивановичтой тоглож ялалт байгуулснаар Ли Нагийн эсрэг гарч ирсэн. Бушар тус тэмцээний хагас шигшээд шалгарсанаар 500 мянган долларын шагнал хүртэж, чансааны 900 оноог авсан байна.
2009 онд мэргэжлийн спортод хөл тавьсан Бушарын хувьд өнгөрсөн жил "Уимблдон"-ын гуравдугаар, "Америкийн нээлттэй тэмцээн"-ий хоёрдугаар тойрогт шалгарчээ. Түүний хувьд "Уимблдон"-ы өсвөрийн ганцаарчилсан төрлийн шигшээд нэг удаа(2012), хосын төрөлд хоёр удаа (2011, 2012) түрүүлж байсан байна.
Харин тус тэмцээний 2003 оны дэд аварга, “Их дуулга” тэмцээний долоон түрүүт, АНУ-ын нэр теннисчин Винус Уильямс хоёрдугаар тойрогт шалгарч чадаагүй. Австралийн нээлттэй тэмцээнд 13 дахь удаагаа оролцож буй Винус Уильямс эхний тойрогт 22-т эрэмбэтэй тоглож буй ОХУ-ын Екатарина Макаровтой оноолт таарч, 6:2, 4:6, 4:6-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн. Мөн тус тэмцээнд түрүүлэх магадлалтай байсан Серена Уильямс Ана Ивановичид ялагдсанаар шөвгийн наймд шалгарч чадаагүй. Эгч, дүүсийн хувьд энэ жилийн хосын төрөлд оролцохоос татгалзсан. Винус Уильямсын зүүн хөлний гэмтэл сэдэрсэн тул тэд хосын төрлийг өнжжээ. Эгч, дүү Уильямсын хувьд "Австралийн нээлттэй тэмцээн"-ий хосын төрөлд дөрвөн удаа /2001, 03, 09-10/ түрүүлээд байгаа бөгөөд тэд нийтдээ "Их дуулга"-ын 13 түрүүтэй аж. Мөн олимпийн их наадмын хосын төрөлд гурван удаа /2000, 2008 2012/ алтан медаль хүртсэн байна.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойрогт Итали бүсгүйчүүд шалгарч чадаагүй ч хосын төрөлд аварга цолоо хамгааллаа.
Сара Эррина долоод, Роберта Винчи 12-т эрэмбэлэгдсэн ч тэд эхний учраанууддаа ялагдаж, ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгасан. Гэвч хосын төрлийн тэргүүлэн тоглосон тэдний хувьд учраа бүрээ буулгасаар тус тэмцээний хоёр дахь, нийт "Их дуулга"-ын дөрөв дэх түрүүгээ хүртлээ. Итали бүсгүйчүүд хосын төрөлд тэргүүлэгч гэдгээ харуулж, 475 мянган долларын шагнал хүртжээ. Тэдний хувьд 2012 онд шигшээд шалгарч, улмаар сүүлийн хоёр жил дараалан түрүүлээд байна.
Сара Эррина 2012 оны "Францын нээлттэй тэмцээн"-ий шигшээд шалгарч байсан бөгөөд өнгөрсөн жилийн "Их дуулга"-д төдийлөн өндөр амжилтыг үзүүлээгүй. Ганцаарчилсан төрлөөс гадна хосын төрөлд шилдэг тоглолтыг үзүүлдэг Итали бүсгүйчүүдийн хувьд энэ жилийн Мельбурн ганцаарчилсан төрөлд амжилт үзүүлээгүй ч хосод шилдэг гэдгээ нотоллоо.
Зарим тоглогчдын ялагдал хэт халуунаас болсон гэсэн тайлбарыг өгөөд байгаа. Австралийн зүүн өмнөд хэсгийн нутгаар хэт халалт үргэлжилж, гал түймрийн
аюул нүүрлэсэн. Мельбурнд халуун өдөртөө 40 хэмд хүрсэн бөгөөд тоглолтыг өглөө эрт, мөн үдэш зохион байгуулсан.