Төрийн өмчит компанийг сурталчилгаандаа ашигласан гэв

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

Төрийн өмчит компанийг сурталчилгаандаа ашигласан гэв

Говь-Алтай аймгийн дахин сонгуультай холбоотой асуудлаар МАН Тусгаар Тогтнолын ордонд мэдээлэл хийлээ.  Нэгдүгээр сарын 19-нд Говь-Алтай аймагт болсон дахин сонгуулийн ялагдлын шалтгааны талаар гэх хэвлэлийн бага хуралд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Х.Булгантуяа, тус намын Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа, Хэвлэл мэдээлэл, технологийн газрын дарга Н.Дэмбэрэл нар оролцсон юм.

Говь-Алтай аймгийн дахин сонгуульд ялагдсан шалтгаанаа тус намынхан Говь-Алтай аймгийн МАН-ын дотоод эв нэгдэл, хамт олонч зарчим алдагдсанаас болсон гэж үзэж буй аж. Хамгийн сүүлд аймгийн намын хорооны даргыг  намын Удирдах зөвлөлтэй зөвшилцөлгүй сонгосон нь алдаа болсон гэдгийг ч хэлэв. Тиймээс тус аймгийн намын хорооны удирдлагад улс төрийн хариуцлага тооцож, асуудлыг зохицуулж ажиллахыг МАН-ын баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатарт үүрэг болгожээ.

Намын дотоод асуудлаас гадна санал хураалтын үеэр хэд хэдэн зөрчил гарсан гэдгийг тэд мөн мэдэгдэв. Эдгээр асуудлаар МАН сонгуулийн тойргийн хороо болон аймгийн Цагдаагийн хэлтэст хандаад байгаа аж. Тухайлбал, Есөнбулаг зэрэг суманд АН-аас нэр дэвшигчид төрийн өмчит компанийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан гэх мэдээллийг тэд өглөө. Түүнчлэн Говь-Алтай аймгийн ард түмэн 2012 оны орон нутгийн сонгуулиар сонголтоо хийсээр байтал иргэдийн сонголтыг үл хүндэтгэн, хөхөө өвлийн хүйтнээр дахин сонгууль явуулж байгаад шүүмжлэлтэй хандсан хүн олон байсан нь сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж үзжээ.

Мөн тэд “АН-ынхан “Говь-Алтай аймаг хөгжье гэвэл АН-ыг сонго. Монгол Ардын Намыг сонговол Засгийн газраас дэмжлэг үзүүлэхгүй” гэх мэтээр сурталчилгаа хийсэн, МАХН-ыг “өөд татаж”, МАН-ын санал хуваах технологиор сонгуульд оролцсон” гэдэг асуудлыг ч хэвлэлийн хурлын үеэр хөндөв.  

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж