
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр дөрөвхөн хоногийн дараа болох гэж байна. Баярын өдрүүдэд аав, ээж, ахан дүүстэйгээ золгохоор гэр хорооллыг зорьж буй жолооч нартаа хандан нэгэн зүйлийг уриалмаар байна.
Өнгөрсөн жилийн сар шинийн баяраар нийслэлийн гэр хороололд автомашины түгжрэл үүсч, автомашиндаа “хонох шахсан” гашуун түүх бий. Жил бүрийн цагаан сарын шинийн 1-нд гэр хороололд автомашины түгжрэл үүсдэг. Гэхдээ өнгөрөгч оны хоёрдугаар сарын 11-ний буюу Могой жилийн шинийн 1-ний өдөр шиг айхтар түгжирч байсан нь үгүй. Гэр хороололд гэрлэн дохио, замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүйгээс жолооч нар өөр өөрсдийн дүрмээр зорчиж, нэгэндээ хүндэтгэлгүй хандсанаас үүдэн замыг улам бүр түгжрүүлэх нь бий. Яг энэ зурган дээрх шиг.
Үүд хоймрын зайтай явахын тулд бүхэл бүтэн цагийн зарцуулж байсныг Баянхошуу руу золгуутаар явсан иргэд сайн мэдэх биз ээ. Замын цагдаагийг газраас баярын өдрүүдэд өндөржүүлсэн, бэлэн байдалтай ажилладаг хэдий ч тэд гэр хорооллын гудамж тохой, өнцөг булан бүрт хүрч ажиллахгүй. Сар шинийн өдрүүдэд монголчууд уурлаж бухимдахыг цээрлэн, нэгэндээ хатуу ширүүн үг хэлдэггүй уламжлалтай. Тийм ч болохоор замын хөдөлгөөн зохицуулах гэж арга ядсан замын цагдаа нар “Жолооч нарын амиа хичээсэн, хүлээцгүй байдлаас болж түгжрэл улам бүр нэмэгддэг”-ийг ахин дахин анхааруулж байна.
Харин дөрөв хоногийн дараа болох Цагаан сарын шинийн 1-ний билэгт сайн өдөр жолоо барьж байгаа хүн бүхэн биесээ хүндэтгэж, түгжрэлгүй хөдөлгөөнд оролцохыг уриалмаар байна. Сар шинэдээ сайхан шинэлж, саадгүй зорчихыг хүсье.