НИТХ-ын дарга ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

НИТХ-ын дарга ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ахмадын хороотой хамтран Монголын уламжлалт Сар шинийн баярыг угтан жил бүр нийслэлийн ахмадуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу өнөөдөр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нийслэлийн ахмадуудын төлөөлөл болгож Шинжлэх ухаан, урлаг соёл, спортын салбарт олон жил хүчин зүтгэсэн 55 ахмадад хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Юуны өмнө нийслэлийн удирдлагуудын нэрийн өмнөөс та бүхэндээ Сар шинийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нийслэлийн шинэчлэлийн баг ажлаа авсан цагаас хойш богинохон хугацаанд олон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Тэр дундаа ахмадууддаа зориулан нийслэл анх удаа “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэн өнөөдөр эхний хоёр байрыг ашиглалтад оруулж 200 орчим буурайгаа түрээсийн байранд оруулаад байна. Уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр нийслэлийн энэ оны төсөвт 15 тэрбум төгрөгийг баталлаа. Цаашид бид ахмадууддаа зориулан олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна” гэж онцлон хэллээ.

Мөн нийслэлийн Засаг даргын  А/29 дугаар захирамжийн дагуу 98-99 настай 39 ахмадад нийслэлийн удирдлагууд онцгойлон хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж