УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад Газрын тухай хуулийн төсөл байгаа. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотойгоор МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцжээ. Бүлгийн дарга Н.Батцэрэг "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид газар эзэмшүүлэхгүй. Харин газар ашиглуулах болон түрээслэх хугацааг нь уртаар тавьж өгч болох юм. Хүнсний аюулгүй байдал, ард иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой учраас тариаланчдын газарт анхаарал хандуулж байна. Газар тариалан эрхлэгч аж ахуй нэгжүүдэд өмчлөхөөс илүүтэй түрээсийн байдлаар ашиглуулах талаар гишүүд хэлэлцлээ. Газрыг төр болон иргэдийн өмчийн газар гэсэн зохицуулалттай байх нь зөв" хэмээн байр сууриа илэрхийллээ. Газрын тосны тухай хуулийн төслийн талаар Шударга ёс бүлэг өнөөдрийн хурлаараа мэдээлэл сонссон байна.
Мөн бүлгийн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ хуулинд аж ахуй нэгжийн НӨАТ-ын шимтгэлийн 90 хувийг буцаан олгохоор тусгасан байгаа юм. Ингэхдээ тодорхой орлоготой аж ахуй нэгж тухай жилийнхээ шимтгэлийг төлсөн бол 90 хувь чөлөөлөхөөр тусгасан байна. Энэ хуулийн төслийг "Шударга ёс" эвслийн бүлэг хэлэлцээд, иргэдийн татвар төлөлтийг буцаан олгох талаар ярилцсан байна. Эвслийн бүлгийн зарим гишүүд "Аж ахуй нэгжийн татварын буцаан олголтыг олгохоос гадна иргэдийн татвар төлөлтийн буцаан олголтыг өгөх боломж байгаа эсэхийг судлах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Тиймээс хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад санал гаргахаар болсон байна.