Ц.Галбадрахын монгол өнгөтэй “Монголын цуут”

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

Ц.Галбадрахын монгол өнгөтэй “Монголын цуут”

Сэтгуүлч,
яруу найрагч Цээнзэнгийн Галбадрах "Монголын цуут" нэртэй шинэ номоо
өлгийдсөний баяраа өнгөрсөн баасан гаригт "Интерном"-д хийлээ. "Монголын
цуут"-ын хуримд зохиолч, сэтгүүлч, тамирчид, яруу найрагчид гээд олны
танил эрхмүүд цутласан. Учир нь Ц.Галбадрахын шинэ номын баатрууд бүгд
тамирчид. Тэрбээр спортын ертөнцөд алдар суугаа мандуулсан монгол охид
хөвгүүдийн тухай баримтат, утга уянгын таталбаруудаа эмхэтгэн бүтээсэн
"Монголын цуут"-даа нийт 34 тамирчны тухай өгүүлжээ.     
 
Олимпийн
дэвжээнээс анхны медалийг зууж ирсэн алтан хараацай Ч.Дамдиншарав, 1968
онд Мехикогийн олимпоос анхны мөнгөн медалийг авчирсан Ж.Мөнхбат,
тамирчдаас төрсөн анхны хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, 2008 онд,
Бээжингийн олимпоос алтан медаль хүртэж Монголыг олимпоос алт хүртсэн
орны тоонд жагсааж чадсан Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, дэлхийн аварга
Д.Дэмбэрэл, З.Ойдов, Х.Цагаанбаатар, П.Сэрдамба, гавьяат тамирчин
Д.Дагвадорж, Б.Болд, Н.Бүргэдаа…  гээд их спортоор эх орноо дэлхийд
тамгалсан харьшгүй хүчтэнүүдийн тухай үгийн урнаар шагласан Галаагийн
таталбарууд цаанаа л нэг донжтой.

Монгол хэлний баялаг сангаас
шанагаар биш хувингаар хутгаснаа гайхуулах түүний хувьд "Монголын цуут"
бие даасан бүтээлийнх нь долоо дахь ном юм. Үүнээс өмнө тэрбээр "Би
багадаа"-гийн дөрвөн цуврал, яруу найргийн "Задгай тэнгэр", "Бадрангуй"
гэсэн зургаан ном өлгийдөж амжсан нэгэн.

Түүний тухай, бүтээлийнх
нь талаар номын баярт нь саатсан зочид олныг өгүүлсэн. Төрийн шагналт,
ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, соёлын гавьяат
зүтгэлтэн Р.Чулуун, ардын багш, гавьяат тамирчин ЧДамдиншарав, сэтгүүлч,
доктор До.Цэнджав, сэтгүүлч, орчуулагч Ш.Мягмарсамбуу, Монголын спортын
сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, яруу найрагч Г.Нэргүй,
сэтгүүлч Д.Батжаргал гээд үг хэлж мялаалга өргөсөн бүгд л Галаагийн
бичлэг бусдаас ялгарах монгол өнгөтэйг тодотгож байв. Тиймээс түүний
монгол өнгөтэй таталбаруудаас гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одын тухай
бичлэгийг уншигч танд хүргэж байна.

Г.УНДРАМ
ЦАГ ХУГАЦААГ АЛТЛАГЧ

Дамбын
ногоон автобус замын энхэл донхолд түгдчин довтолгоно. Хичээл ном,
бэлтгэлийн ачаалалд ядарсан жаахан охин хаалгыг нь дэрлээд зогсоогоороо
унтчихна. Буудал…Хаалга онгойнгуут сэрнэ. Хаагдангуут буцаад л унтана,
дараагийн буудал хүртэл. Дунд сургуулийн сурагч Хишигбатын Эрдэнэт-Од
хичээлээсээ ирж цайгаа “гялс” уучихаад буцаж Спортын төв ордон орж 
бэлтгэлээ хийж дуусаад гэр рүүгээ явж байгаа нь энэ…

Дарханд
төрж, Улаанбаатарт өссөн тэрбээр тавдугаар анги төгссөн жилийнхээ зуны
амралтаар  Хүүхдийн паркад зугаалж явтал цагаан өмсгөлтэй хэсэг хүн
нэгэн “сонин юм” үзүүлээд, олон түмэн түүнийг нь сонирхоод байх юм гэнэ.
Охины харц тэрхүү “сонин юм”-н дээр хэсэг тогтов. Барилдаад ч байх шиг,
зодолдоод ч байх шиг.  Дэргэдэх хүнээсээ асуувал “Жүдогийн үзүүлэх
тоглолт” гэнэ. Жүдо… жүдо. Паркад үзсэн тоглолтын тухай эрдэнийн гэрэлт
бодол охины толгойд үржиж, Спортын төв ордноор эргэлдсээр дасгалжуулагч
Ч.Машбаттай уулзан багш шавийн барилдлага тогтоож, самбо, жүдогийн
секцэнд орж явчихаж.  

Нар, саран унаж, ургаж, өдөр хоногууд увж цуван өнгөрөхийн хэрээр түүний амжилт атга атгаар ахисаар…

1992
оны Барселоны олимпийн дэвжээнд хүч үзэхээр хилийн дээс алхав. Москва…
Мадрид… урд нь тосч, ард нь үлдсээр далайн хөвөөний Барселона хот алга
дэлгэн тосов.  Байгалийн сайханд нүд, сэтгэл хөвөх. Далайн хөвөөнд
зогсоод л, салхинд хөөгдөн цахилан ирж эргээ долоон буцах хөөстэй
давалгааг нь хараад л баймаар.

Олимпийн барилдаан ч эхлэв.
Эхлээд гоц мөргөж, дараа нь Их Британийн К.Бриггс, Канадын Б.Ластрей
нартай  барилдаад л дэвжээгээ орхисон 17-хон настай Эрдэнэт-Од даанч нэг
бодсон санасан юмгүй зайрмаг идсэн шиг, энд тэндхийн элдэв зүйлийг
сонирхсон шиг өөрийгөө зугаацуулж  явав. Тэндээс ирэхдээ тэр
гэрийнхэндээ юу авчирсан гэж санана. Зөндөө “Maрс”, “Сникерс”.
Барселонад “дайны утаа” үнэрлэж ирснээсээ есөн жилийн дараа Азийн
аваргын алтан медалийг Монголын эмэгтэй жүдочдоос анх хүртсэн алдартан
бол гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од бөлгөө.

2001 онд Улаанбаатар
хотноо болсон тивийн аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ын жинд
зодоглохдоо тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, дараа нь БНСУ-ын Мин Кьюн
Сүнд зай өгөлгүй, боломж олголгүй довтолж, эцэст нь хөмөрч иппон
үнэлгээгээр цэвэр ялсан бол хэсгийн аваргын төлөө Японы Маяоми Ямадатай
хүч үзэхдээ алдаа гаргалгүй нягт барилдсаар оноогоор буулган авч,
шувтаргын барилдаанд БНАСАУ-ын бөх, 2000 оны Ази тивийн аваргын хүрэл
медальт Ри Мьюн Хватай хүч үзэхээр дэвжээнд гарч ирсэн л.  

Тэмцээний
сүүлчийн өдрийг хэлэх үү, Монголоос аварга хараахан төрөөгүй байсныг
хэлэх үү ганц найдвар болсон тамирчнаа дэмжихээр Бөхийн өргөөнд цугласан
мянга мянган үзэгч зүүн дээр суусан лугаа өндөлзөж, уухайлан
хашгиралдаж, орилолдон шуугилдаж, өргөө хөдөлгөөнт ханаар хүрээлүүлсэн
мэт чичигнэн хөдөлж байсан даа, ёстой л…

Үнэндээ Ри Мьюн Хва
манай гавьяатын довтолгоо, хурд, угсраа олон мэхийг хорьж дийлэхээ
болиод хүчин мөхөсдөж ялагдсан л. Мөнхүү тэр, 2005 онд Египетийн Каир
хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр Азербайжений
К.Гасимоваг “нурааж”, дараа нь Испанийн бөх, олимп, дэлхийн аварга
Р.И.Фернандест ялагдсан ч дагах барилдаанд Макаогийн Тоу Си Ман, Украины
Т.Чык, Францын Ф.Риабофф нарыг ялж, Кубын Ю.Люпетейтэй барилдах байсан ч
учраа нь гэмтлийн улмаас дэвжээнд гарч ирээгүй тул дэлхийн аваргын
хүрэл медалийг Монголын эмэгтэй жүдочдоос  анх хүртсэн билээ.

Мөнхүү
тэр, 1998 онд Тайландын Бангкок хотноо болсон Азийн зуны спортын XIII
наадмаар эхний даваанд хийлж, дараа нь Кыргызстаны Дино Масутова,
Туркменистаны Оксана Кокорина, Хятадын Шень Жүн нарыг ялж түрүүлснээр
Азийн наадмын алтан медалийг Монголын эмэгтэй жүдочдоос анх хүртсэн
билээ.

Мөнхүү тэр, улсын аваргын алдраа 1993 оноос хойш 16 жил
завсаргүй хамгаалж, Монголын жүдо барилдааны түүхэнд дахин тохионо гэхэд
бэрх, ховор, дээд амжилтын эзэн болоод буй.  
Мөнхүү тэр, самбо
бөхийн дэлхийн аваргын алтан медалийг тавантаа (1997, 2001, 2002, 2003,
2004) хүртэж, Монголын самбочдын хувьд урьд өмнө нь хэн ч хүрч амжаагүй
байсан нэгэн дээд амжилтын оргилд гараад буй.

…Цав цагаанаар
тэнгэр “харанхуйлж” зөв зөөлнөөр цасан бударна. Хурмастын “цагаан цэцэг”
цасан малгайлан буухын хэрээр модны мөчир бөгтийн бөгтийн тонгойсоор.
Тэгснээ бүх цасаа гэнэтхэн гулсгаж шилгээгээд эргээд байрандаа,
“жагсаалдаа орох”. Моддын дэргэдүүр ажил руугаа алхаж явсан япон эмчийн
тархинд нэгэн торгон санаа тэнгэрийн заадас шиг цагаан гэгээ татуулан
орж ирэх нь тэр. Үүнээс улбаалан тэрбээр жүдог үндэслэсэн гэнэм.

“Жүдо
бол хөдөлгөөний спорт. Мөчир тонгойж тонгойж цасаа унагаад эргээд
хэвдээ орчихдог шиг өрсөлдөгчдөө эхлээд найр тавьж байгаад түүнийг нь
дагуулж мэх хийнэ. Өрсөлдөгч чинь илүү байсан ч арга ухаан, уян хатан
чанар, ов мэхээрээ чи түүнийг ялах ёстой. Энэ бол жүдогийн алтан
зарчим”. Х.Эрдэнэт-Од гавьяат ийн өгүүлсэн.

Өрсөлдөгчийнхөө
ухасхийгээд зогтусах зүрх алдалт, цөмрөөд буцах  гишгэгдлийн хийг
алдалгүй хариу барьдаг гайхалтай мэдрэмжтэй, хурд, хугацаа хоёрыг
тэнцүүлж барилддаг өвөрмөц онцлогтой, хоёр зууныг холбон төрж, Монголын
спортын түүхийг олонтаа алтан хуудсаар нэмж, чимсэн энэ бүсгүйг Монголын
¹1 эмэгтэй жүдоч, самбоч гэдэгтэй хэн маргах. Хэн…

Ц.Галбадрах /2007 он/.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж