Ли На Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.01.26-нд нийтлэгдсэн

Ли На Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлэв

Талбайн теннисний оны турш болдог дөрвөн "Их дуулга" тэмцээний эхнийх болох “Австралийн нээлттэй тэмцээн”-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд БНХАУ-ын Ли На тэргүүллээ.

Энэ сарын 13-нд Мельбурн хотноо эхэлсэн “Австралийн нээлттэй тэмцээн”-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээд БНХАУ-ын Ли На, Словакийн Доминика Цибулкова нар шалгараад байсан. Тэмцээний 13 дахь өдөр буюу өчигдөр шигшээ тоглолт төв корт болох 15 мянган хүний суудалтай “Род Лейвер Арена”-д болоход Ли На 7:6, 6:0-ийн харьцаагаар өрсөлдөгчөө буулган авснаар түрүүллээ. Тус тэмцээнд түрүүлснээр Ли На 2.430.000 долларын шагнал хүртэж, чансааны 2000 оноо хүртсэн бол Цибулкова 1.215.000 долларын шагнал хүртэж, чансааны 1400 оноо хүртэв.

32 настай Ли Нагийн хувьд тус тэмцээний шигшээд өмнө нь хоёр удаа шалгарахдаа Белгийн Ким Клийстерс /2011/, Беларусын Виктория Азаренка /2013/ нарт ялагдаж байсан байна. Азийн тэргүүн теннисчин Ли Нагийн хувьд 2011 онд "Францын нээлттэй тэмцээн"-нд түрүүлж, Хятад теннисчин анх удаа "Их дуулга" тэмцээнд түрүүлсэн амжилтыг үзүүлсэн. Ийнхүү Ли На хоёр дахь “Их дуулга”-ын цомоо Мельбурнд хүртлээ.

Харин тус тэмцээнд 20-д эрэмбэлэгдэн тоглосон Словакийн Цибулкова дөрөвдүгээр тойрогт ОХУ-ын Мария Шаравповаг буулган авснаар шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар Румын Халеп, Польшийн Агнешка Радваньска нарыг хожсоноор шигшээд шалгарч, "Их дуулга" тэмцээний оргил амжилтаа үзүүллээ.

"Австралийн нээлттэй тэмцээн"-ий эрэгтэйчүүдийн ганцаарчилсан шигшээд Испаний Рафаэль Надаль(1) Швейцарийн Станислас Вавринка (8) нар шалгараад байгаа бөгөөд тоглолт өнөөдөр болно.

НЭМЭЛТ: (19:00) Шигшээ тоглолтод Вавринка 6:3, 6:2, 3:6, 6:3-ийн харьцаагаар Надалийг буулган авснаар "Их дуулга" тэмцээний анхны түрүүгээ хүртэж байна. Вавринка шөвгийн наймд тус тэмцээнд гурван жил дараалан түрүүлээд байсан Сербийн Новак Жоковичийг, хагас шигшээд Чехийн Томаш Бердых нарыг хожсоноор шигшээд шалгарсан юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж