Монсудар хэвлэлийн газар болон Монгол хэл, соёлын хүрээлэнгээс санаачлан монголчуудын уламжлалт өв соёл, нүүдэлчин амьдралын тухай бүрэн хэмжээний мэдээлэлтэй тайлбар толийг эрхлэн гаргажээ. “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” энэхүү цуврал ботийн тэргүүн дээж өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн юм. Ботийн нээлтийн үеэр “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” бүтээлийн редактор, “Монсудар” ХХК-ийн Монгол хэлний редакцын редактор, хэл бичгийн ухааны магистр Э.Уранбилэг ярилцлаа.
-“Монсудар” хэвлэлийн газраас “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-ийг эрхлэн гаргаж нээлтээ хийлээ. Энэ бүтээлийнхээ тухай уншигчдад товч танилцуулахгүй юу?
-Монсудар хэвлэлийн газар болон Монгол хэл, соёлын хүрээлэнгээс санаачлан монголчуудын уламжлалт өв соёл, нүүдэлчин амьдралын тухай бүрэн хэмжээний мэдээлэлтэй тайлбар толийг эрхлэн гаргалаа. Энэхүү бүтээл нь монгол гэр, хувцас, мал ахуй гэсэн гурван бүлэгтэй, хэсэг тус бүрт мэргэжлийн судлаач, эрдэмтэд оролцон бүтээсэн.
-Та энэ бүтээлд ямар ажил хариуцан ажиллаж, хэрхэн оролцсон бэ?
-Миний хувьд монгол гэрийн хэсэгт хэвлэлийн газрын редактороор ажилласан. Бидний зүгээс толийн санааг гаргаж, бүтэц агуулгыг ерөнхийд нь боловсруулж, холбогдох мэргэжлийн хүмүүст хамтарч ажиллах санал тавьж ажилладаг. Энэ тольд зохиогчдоос гадна маш олон хүн оролцсон. Тухайлбал, зураачид, мэргэжлийн гэрэл зурагчид ажиллаж хөдөө орон нутаг руу явж мал ахуйн зураг авах зэргээр маш олон хүний хөдөлмөр орсон юм.
-Энэ толийг гаргах болсон шалтгаан нь юу вэ?
-Бид эрт дээр үеэсээ л нүүдэллэн аж төрж ирсэн. Харин өнөөдөр монголчуудын ихэнх нь суурин амьдралд шилжиж шинэ цаг үетэй хамт хөгжсөөр байна. Уламжлал, ёс заншлаа хадгалан хамгаалах явдал бол түүнийг шүтэн биширсээр өнгөрсөн үед нь үлдээж хоцроох бус харин бүтээлчээр хандаж өнөөгийн хөгжлийн түлхүүр болгох чухал зорилт юм. Тиймээс монгол нүүдэлчдийн ахуй амьдрал ямар байсныг жинхэнэ утгаар нь таньж мэдэх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгараад байна.
-Бид бүгдээрээ л өв уламжлал, ёс заншлаа хүндэлж, хадгалж хамгаалах тухай ярьдаг. Гэтэл суурин соёлд энэ бүх уламжлал, ёс жаяг одоогийн нөхцөлд зарим талаараа таарахгүй байна. Ер нь уламжлал,өв соёлыг тээж явах нь яг ямар хэрэгтэй юм бол.
-Ёс заншлаа хадгалж хамгаалах гэдгийг бид маш зөв ойлгох хэрэгтэй. Ёс заншил, өв уламжлал, үүх түүх гэхээр л бид хүрч болохгүй, халдашгүй дархан юм шиг хамгаална, хайрлана, тахина, шүтнэ гэж ойлгодог. Гэтэл энэ бүхнийг хөгжүүлж, сайжруулж, өнөөгийн аж амьдралдаа тохируулан баяжуулан өөрчилж, бүтээлчээр хандах талаас харж, бодож үзэх хэрэгтэй. Энэ санааг би бас дээр хэлсэн. Жишээ нь монгол гутал гэхэд олон үеийн турш хөгжсөөр тэр хэв загварыг олсон байгаа. Монгол гэр гэхэд л эртний уламжлал нь газар доорх нүхэн гэр /эрүкэ/-ээс эхлээд хувьсаж хөгжсөөр уньт гэр, унь тоонот гэр, унь хана тоонот гэр болон энэ дүр төрхөө олсон байгаа шүү дээ.
-Нүүдэлчин монголчуудын амьдралын хэв маягт зохицсон сууц бол гэр гэдэг шүү дээ. Гэтэл яг, ямар байдлаар, хэрхэн зохицдог талаар тодруулбал?
-Монгол гэр нь жилийн дөрвөн улиралд нүүж суухад тохиромжтой, буулгаж барихад хялбар, цаг агаарын нөхцөлд тохируулан барьж болдог сууц юм. Энэ нь нүүдэлчин амьдралын хэв маягт бүрэн зохицсон байдаг. Мөн үндэстэн угсаатны онцлог, байгаль цаг уурын байдлаас шалтгаалан олон төрөл зүйлээр хөгжиж ирсэн. Жишээ нь уулархаг газрын гэр өндөр, том хэмжээтэй байдаг. Тал газрынх жижиг намхан, ханын толгой нь цөөн байдаг. Монгол гэрт амьдрах дэг ёс, зохион байгуулалт маш нарийн учир агуулгатай байна. Тавилга эдлэл хэрэглэлээ бүгдийг багтаахаас гадна дэс дараа, учир бэлгэдлийг илэрхийлсэн байдаг. Энэ бүгдээс монголчуудын бэлгэдэл, ертөнцийг үзэх үзлийг танин мэдэж болно.
-Та сая учир бэлгэдлийн талаар дурьдлаа. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу? Учир нь бидний амьдралд өнөөдөр ч гэсэн мэддэг хэрнээ мэддэгүй юм шиг олон цээр ёс үйлчилсээр байдаг. Гэтэл бид яагаад гэдэг учрыг мэддэггүй шүү дээ.
-Тийм ээ. Мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг гэж та зөв хэллээ. Тухайлбал, гэрийн босгон дээр гишгэж болохгүй гэдгийг монгол хүн бүр мэднэ. Харин яг ямар учраас үүнийг цээрлэдгийг тэр бүр мэддэггүй. Учир нь монголчууд гэрээ улс орны дайтай зүйрлэн үздэг байсан. Тийм ч учраас “туурга тусгаар улс” хэмээн ярьдаг. Босго бол гэр-улсын хил зааг болж байдаг. Тиймээс босгон дээр гишгэж орж ирвэл хил хязгаарыг нь давж бус дайрч орж ирэн дайн зарлаж байна хэмээн үзэх тул цээрлэж, алхаж гарахыг сургадаг. Энэ мэтээр гэрийн бүтэц, бүрдэл бүх зүйлийн цаана утга агуулга байдаг. Үүнийг хэд хэдэн талаас нь тайлбарлаж болно. Тухайлбал, гэрийн хаалгыг урд зүг рүү харуулж барьдаг учир нь, нэгдүгээрт шашин шүтлэгийн үүднээс нарыг шүтэх үзэлтэй холбож нар мандах зүг рүү харуулж барьдаг, хоёрдугаарт монгол орны уур амьсгалын онцлог нь баруун хойд талаас салхилдаг учир салхи шуурга, жавраас хамгаалж урд зүг рүү харуулж барьдаг хэмээн байгаль цаг уурын үүднээс тайлбарлаж болох юм. Энэ бүгдийг мэдэж авсанаар бид хамгийн гол нь эртний монголчууд ертөнцийг хэрхэн таньж мэдэж байсан үзэл ойлголтыг олж мэдэх чухал ач холбогдолтой юм.
-Өдгөө Монгол гэрийн хэрэглээ улам хумигдсаар байна. Энэ тал дээр таны бодол?
-Орчин үед хүмүүс байр, байшинд амьдарч, суурин амьдралыг илүүд үзэх болсон. Тиймээс хүн бүр гэрт амьдрах шаардлагагүй. Уламжлалт өв соёл гэхээр л гадаад улс оронд гайхуулах бэлгэдэл төдий гэдгээр нь ойлгох бус харин бидний өвөг дээдэс, эрт үеийнхэн гэрт яаж дасан зохицож, ямар зориулалтаар ашиглаж, амьдарч ирснийг танин мэдэх нь чухал юм. “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-ийг өөрийгөө таньж, өрөөлийг ойлгох хүсэлтэй залуу хүнд зориулж байгаа юм.
-Яагаад заавал залуу хүмүүст гэж онцлох болов?
-Бид энэхүү номоо танилцуулахдаа “Залуу хүний хэрэглэх ном” гэж тодотгож байгаа. Учир нь ёс заншил өв соёлоороо бахархаж байна гэж хий хоосон цээжээ дэлдэх бус, түүнд бүтээлчээр хандах залуу хүн бүрийн ширээний ном болоосой гэж хүсэж байна. Нүүдэлчдийн соёлоос бидэнд үлдсэн энэ зүйлээс өөрсдийн амьдрал ахуйд авч хэрэглэж болох ямар давуу тал, санаа оноо байна тэр бүхнийг ялган таньж, цаашид хэрхэн хөгжүүлж, дэлгэрүүлэн ашиглаж болох тухай шинэ сэдэлтэй болж үлдэх нь хамгийн чухал. Жишээлбэл,уг бүтээлийг сурах бичиг, судалгааны суурь материал болгох, орчин үеийн байшин барилгад инженерийн санаа авах зэргээр ашиглаж болно шүү дээ.
-Их чухал хэрэгтэй ном болжээ. “Боть 1” гэсэн байна. Цаашид цуврал болон гарах уу?
-Тийм ээ. Энэ удаад эхний боть нь уншигчдад хүрч байна. Цаашид монгол нүүдэлчдийн тухай мэдэж авах олон зүйл бидэнд үлдсэн,тэр бүгдийг цуврал болгон гаргах юм. “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” нь уран зохиолын ном шиг уншиж эхэлвэл дуусгаж байж салах “албагүй”, харин хэрэгтэй үедээ хэрэгцээтэй мэдээллээ олж авдаг хэрэглээний, танин мэдэхүйн, ширээний тань ном байх болно.
-Ярилцсанд баярлалаа