Тогтоолын төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

Тогтоолын төслийг дэмжив

Хууль
зүйн байнгын хороо өнөөдрийн /2014.01.24/ чуулганы нэгдсэн хуралдааны
завсарлагаар хуралдаж, хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын
чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн байцаан
шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын
тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн
төслүүдийг эцэслэн баталсантай холбогдуулан тус байнгын хорооноос энэхүү
тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ. Эрүүгийн байцаан
шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Улсын
ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны харьяаллын гэмт
хэргүүд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэргийн харьяалалд, ахуйн
чанартай гэмт хэрэг нь Цагдаагийн байгууллагын харьяалалд тус тус
шилжсэн байна. Мөн Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл
хүчингүй болсонд тооцох тухай хуулиар Прокурорын байгууллагын дэргэдэх
Мөрдөн байцаах алба татан буугдаж байгаа аж.

Иймээс Эрүүгийн
байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын
байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай
хууль батлагдсантай холбогдуулан Улсын ерөнхий прокурорын дэргэдэх
Мөрдөн байцаах албыг орон тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон
бусад эд хөрөнгө, техник хэрэгслийн хамт Авлигатай тэмцэх газарт
шилжүүлэхээр уг тогтоолын төсөлд тусгажээ.

Байнгын
хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь тогтоолын
төслийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн
хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж