Малчид эртнээс өвөл, хаврын улиралд мах ихтэй хүнд хоол идэж, зундаа айраг, тараг, цагаан идээ түлхүү хэрэглэж, хөнгөн хооллосоор ирсэн нь тэдний эрүүл амьдралын гол нууц байлаа. Түүнчлэн шар сүүнд усанд орвол бие чийрэгждэг, шүд өвдвөл ээзгий зуудаг гэх зэрэг бидэнд малчин ахуйгаас амьдралдаа авч хэрэглэх олон арга ухаан бий.
Гэвч мал ахуй, нүүдэлчдийн соёл нь зөвхөн малчин хүнд хамааралтай гэсэн төөрөгдмөл хандлагаас болж иддэг мах, уудаг сүүнийхээ талаар ч бүрэн ойлголтгүй хүүхэд, залуус олширчээ. Тиймдээ зохиогчид “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-ийг залуусын ширээний ном хэмээн онцолсон.
Монголчууд эрт дээр үеэс эсгий гэрт амьдарч, жилийн дөрвөн улиралд дээлтэй дасан зохицож, ямар аргаар мал, сүргээ өсгөн үржүүлсээр ирснийг уг тайлбар толиос уншиж мэдэхийн сацуу өв соёлыг тахин шүтэх бус танин мэдэж, ахуй амьдралдаа хэрэглэж, хөгжүүлэх нь чухал юм бэ гэдгийг ойлгох болно.