ТББ-ууд хууль бус агнуурыг бууруулах гарц хайлаа

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

ТББ-ууд хууль бус агнуурыг бууруулах гарц хайлаа

“Хууль бус агнуурыг бууруулах эрх зүйн орчныг шинэчлэх талуудын хэлэлцүүлэг” өнөөдөр БОНХЯ-ны Хаан танхимд боллоо. Хэлэлцүүлгийг БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд нээв. Тэрбээр “Манай улсын иргэдийн гар дээр 47 000 галт зэвсэг байгаагийн 44 мянга нь ангийн зориулалттай. Гэхдээ энэ нь анх  байлдааны зориулалтаар үйлдвэрлэсэн бууг ангийн болгож өөрчилсөн галт зэвсгүүд юм. ОХУ үйлдвэрлэсэн янз бүрийн автомат буунуудыг хилээр оруулж ирж байна. Зургаан гөрөөс өнгөрөхөд автомат буугаар бүгдийг нь шархдуулах боломжтой. Ан хийх гэж байгаа хүнд зургаан гөрөөс шархдуулах шаардлага байхгүй. Энэ нь нэг ёсондоо агнуур биш аллага болж байна. Тиймээс БОНХЯ-наас ангуурыг ангийн зориулалттай буу, сумаар хийлгэдэг болгохыг зорьж байгаа юм. Ямар зориулалтын бууг анд хэрэглэх, хилээр оруулах, худалдаалах зэргээс эхлээд Галт зэвсгийн тухай хуулийн 90 гаруй хувь нь ангийн бууг зохицуулсан заалтуудтай байх болов уу гэж логикоор бодож байгаа” гэж Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагын талаар тайлбарласан юм.

БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А-296  тоот тушаалаар Хууль бус агнуурыг бууруулах, эрх зүйн орчны шинэчлэл хийх эрх бүхий ажлын хэсэг  байгуулагдан ажиллаж, түүний судалгаа дүгнэлтэд үндэслэн эрх зүйн орчныг сайжруулах арга зам, гарцыг тодорхойлох зорилгоор эл хэлэлцүүлэг өрнөсөн юм. Сүүлийн 3 жилд хууль бус агнуур үйлдсэн хэргийн 90 гаруй хувь нь галт зэвсгээр үйлдэгдсэн зөрчил байгаа аж. Түүнчлэн галт зэвсгийн хэв загварыг өөрчлөх, үйлдвэрийн бус аргаар хийж бэлтгэх, байлдааны буугаар ан хийх, хууль бус агнуур үйлдэгчид нь далд зохион байгуулалтад орж байгаа зэрэг нь “Галт зэвсгийн тухай хууль”-д шинэчилсэн найруулга оруулах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Ан агнах зориулалттай галт зэвсгийн эрхзүйн орчинг сайжруулахад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал санаачилга нэн чухал тул “Галт зэвсгийн тухай хууль”-ийг шинэчлэн найруулсан хуулийн төслийг мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлэн, тодорхой саналыг тусгасан байна. Тухайлбал,

-“ан агнах зориулалттай галт зэвсэг” гэж автоматаар цэнэглэгдэхгүй буюу замаг нь механик ажиллагаатай, хүхээгтээ 5 ба түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй, ангийн зориулалтаар үйлдвэрлэсэн буу байна.

-“ан агнах зориулалттай галт зэвсгийн сум”  гэж зүрхэвчгүй, тугалган хошуутай, нисэлтийн хурд нь ан агнахад зкориулагдсан, ан агнах зориулалтаар үйлдвэрлэгдсэн галт биш сум байна зэрэг зайлшгүй шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг тусгажээ.

Хэлэлцүүлэгт оролцогч талууд Галт зэвсгийн тухай хуулийн төсөл боловсруулж буй Хууль зүйн яамны ажлын хэсэгт дахин санал хүргүүлэх, Газрын тухай хуульд агнуурын бүс нутгийг тогтоох талаар санал хүргүүлэхээр боллоо. Агнуурын бүс нутаг тогтоогдвол тухайн бүсийн амьтад эзэнтэй болж хяналт тавих боломжтой болох юм. Ингэснээр хууль бус агнуурыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзэж байна. Мөн оролцогчид орон даяар хууль бус агнуурын талаархи мэдээллийг авдаг хяналтын нэгдсэн тогтолцоотой болох саналд нэгдсэн юм.

Хууль эрх зүйн орчныг сайжруулахаас гадна иргэдийн амьтанд хандах хандлага, нийгмийн сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай гэж үзлээ. Тиймээс ан хийхээс татгалзаж, ангийн бууны оронд гэрэл зургийн аппарат авах, ан хийхэд зарцуулдаг цагаа сагс, гар бөмбөг тоглох, гүйх, сэлэх зэрэг  спортоор хичээллэх, явган аялал хийж өнгөрүүлэхийг уриалж уриалга гаргахаар болов.

Хэлэлцүүлэгт БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, “Амьтан хамгаалах сан”-ийн тэргүүн С.Дамдинсүрэн болон яамны мэргэжилтэн, эрдэмтэн, багш, судлаач, агнуур судлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж