&#34Хуулийн өөрчлөлтөөр Засгийг огцруулж болохгүй&#34

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

&#34Хуулийн өөрчлөлтөөр Засгийг огцруулж болохгүй&#34

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг хийлээ.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр С.Эрдэнэ нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч МАН-ын бүлгээс завсарлага авснаар хэлэлцүүлэг хойшиллоо. Энэ асуудалд та ямар байр суурь илэрхийлэх вэ. Үнэхээр тооцоо судалгаагүй асуудлыг УИХ-д оруулаад ирсэн хэрэг үү?

-Хамтын тэтгэврийн тухай хуульд цөөнхийн бүлэг завсарлага авсантай холбоотойгоор хоёр зүйл хэлэхийг хүсч байна. Нэгдүгээрт, өнгөрсөн жил УИХ-ын бодлогыг тодорхойлохдоо бэлэнчлэх сэтгэлгээнээс салах, халамжийн асуудлаа шинэчлэл рүү оруулах, болж өгвөл улс орныг бүтээн байгуулалт руу чиглүүлж, ард иргэдээ ажил хийгээд түүнийхээ үр дүнгээр амьдрал нь дээшилдэг хэлбэр лүү явуулъя гэж үзээд энэ чиглэлээр бодлогыг хэрэгжүүлж байгаа. Энэ утгаараа Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл нь улсын төвсөөс мөнгө шаардахгүйгээр өрхийг дэмжих бололцоо харагдаж байгаа. Харамсалтай нь УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авчихлаа.

Хоёрт, УИХ-ын 2014 оны гол зорилго бол төсвийн мөнгө, бонд, хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдээрээ дамжуулан, зах зээлд нийлүүлж, экспортыг нэмэгдүүлэн импортыг хязгаарлах, иргэдийнхээ бодит орлого руу чиглүүлсэн хандлага руу явуулж байгаа гэдгийг хаа, хаанаа ойлголцох ёстой. УИХ-аар өнөөдөр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Монголын алт Монголдоо үлдэх ач холбогдлыг нээж өглөө. Өөрөөр хэлбэл, уг хууль батлагдсанаар үйлдвэрлэлийг дэмжих, валютын ханшийг тогтвортой барих, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад суурь болж чадна гэж үзэж байна. Мөн УИХ-аар НӨАТ-ын босготой холбоотой хуулийн төслийг хэлэлцэнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн, НӨАТ-ын босгыг 10 сая байсныг 50 сая болгохтой холбоотой харилцааг зохицуулна. Жилдээ 1.5 тэрбум төгрөгөөс доошхи орлоготой аж ахуйн нэгж маш олон бий. Тэдгээрийн ашгийн орлогын албан татварын 90 хувийг буцааж олгоё гэсэн хуулийн төсөл, дэмжээд батлах ёстой гэж үзэж байгаа. Энэ мэтчлэн УИХ бодит эдийн засгийг дэмжсэн бодлогод түлхүү анхаарал хандуулж хууль эрх зүйн орчинг шинэчлэхээр ажиллаж байна.

-УИХ-ын намрын чуулганыг хэзээ завсарлуулах юм бол. Мөн 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэхтэй холбоотойгоор ээлжит бус чуулган зарлахаас аргагүй тухай ярьж байгаа. Ээлжит бус чуулганыг сар шинийн дараа зарлах уу. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдсан. Энэ асуудлыг ярилцсан уу? 

-Төсвийн тодотголтой холбоотойгоор ээлжит бус чуулган зарлана. Цагаан сарын дараагаас хөрөнгө оруулалтыг царцаасан аудитын шалгалтын дүнг УИХ-аар  сонсоно. Үүний дараагаар Засгийн газар 2014 оны төсвийн тодотголыг УИХ-д оруулж ирнэ. Нийтдээ 243 обьектооос хэдийг нь 2014 оны төсвийн тодотголд суулгах вэ гэдгийг ээлжит бус чуулганаар шийднэ. Хоёр дахь асуудал нь 2013 онд төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгээд тухайн ондоо ажлынхаа гүйцэтгэлийг төсвөөс авч чадаагүй үлдэгдэл мөнгөний асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл аж ахуйн нэгжүүд хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг он дамжсан нэрээр авахгүй байж болохгүй.

-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар Оюутолгой компанид тодорхой хэмжээгээр хамаарах болж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын хөнгөлөлтийн үйлчилгээ байгаа учраас хамааралтай гэж өнөөдөр хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Харин та Оюутолгойд хамаарахгүй гэх зүйл хэлдэг?

-Б.Бат-Эрдэнэ гишүүний байр суурийг би өөрөө сонсоогүй учраас тайлбар өгч чадахгүй.  Бидний байр суурь бол Монголд алт үлдэх нь чухал, энэ нь улс орны эдийн засгийг тэнхрүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдол өгнө. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж Эдийн засгийн байнгын хорооноос байр сууриа илэрхийлэх болов уу.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар өчигдөр хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Та завсарлага авах болсон үндэслэлээ нэгдсэн байр сууринд хүрэх шаардлагатай байна гэсэн. Түүнээс болсон уу, Засгийн газар огцрох магадлалтай боллоо гэх яриа бас дуулдах болов?

-Аливаа нэг хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар огцорч болохгүй. Тийм эрх зүйн үндэс ч байхгүй. Засгийн газрыг огцруулах хуулинд заасан тодорхой үндэслэлүүд бий, түүгээр л огцруулах асуудал тавигдах ёстой.

Давхар дээлтэй холбоотойгоор хамгийн гол бидний снаал зөрөлдөж байгаа зүйл нь хэрэгжүүлэх хугацааны асуудал. Би завсарлага авахдаа энэ нь зөвхөн Ардчилсан намтай холбоотой гэж үзэж завсарлага аваагүй. Монгол Улсын төрийн төлөвшил, улс төрийн тогтолцоо, цаашдаа парламент, Засгийн газрын харилцан тэнцвэрт байдал яаж хадгалагдах вэ гэдэг асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэдэг байр суурин дээр байгаа. Түүнээс биш давхар дээлийг дан болгох тухай яриа байж болохгүй. Монгол Улсын төр цаашдаа олонх, цөөнхөөрөө хуваагдмал байдалтай байж болох юм уу гэдэгт хариулт нь болох ёстой хууль учраас нухацтай авч үзэх ёстой гэж үзсэн.

Нэг үгээр хэлбэл, улстөрийн намууд хамтарч ойлголцож байж, эцсийн шийдлийг болж өгвөл нэгдсэн саналтайгаар гаргах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд заасан тогтолцоогоор өнөөдөр олонхи нь Засгийн газраа барьж байгаа. Олон жил ийм зарчмаар төрийг жолоодож ирсэн. Гэвч нөгөө талдаа хоёр хуваагддаг өвчин газар авахуулсан. Тийм учраас энэ хуваагдлыг байхгүй болгох, энэ хуваагдлыг байхгүй болгохын тулд эрх зүйн суурь хуулиудыг шинэчилж өөрчлөх зайлшгүй шаардлага бас үүсч байгаа.

-1.5 тэрбум төгрөгөөс доош татварын орлоготой аж ахуйн нэгжийн төлсөн татварын 90 хувийг буцаан олгосноор төсвийн орлого хэдий хэмжээгээр буурах вэ. Мөн энэ хууль батлагдсан нөхцөлд хэчнээн аж ахуйн нэгж хамрагдах боломжтой юм бол, хэдий хэмжээний татварын чөлөөлөлт үүсэх бол. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-аар баталсан нөхцөлд төсвөөс нэмэлт санхүүжилт шаардах уу?

-Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг санаачлагчдын хэлж байгаагаар тэтгэврийн сангаас нэмэлт санхүүжилт авахгүйгээр шийдэх боломжтой гэж байна лээ. Гэхдээ Ардын намын бүлэг арай өөр тайлбар хэлж завсарлага авсан болохоор төсөл санаачлагчид тооцоо судалгаагаа гаргаад үзүүлэх ёстой болов уу.

1.5 тэрбум төгрөгөөс доор татварын орлоготой аж ахуйн нэгжийн татварын 90 хувийн чөлөөлөлт төсөвт мөн дарамт учруулахгүй. Дарамт учруулахгүй зүйл дээр аж ахуйн нэгжээсээ татвар авах нь буруу гэж үзэж байгаа. Ойролцоо тооцоогоор 50-иад тэрбум төгрөгийн чөлөөлөлт үүсэх юм билээ. Үүнийг төсөв даагаад явах бололцоотой учраас хууль батлагдсан өдрөөсөө эхлээд хэрэгжээд явах бололцоотой гэж Засгийн газар үзсэн байна лээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж