засгийн байнгын хороо өнөөдөр /2014.01.24/ өглөө хуралдаж, Ашигт
малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн
эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт
бэлтгэх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат
танилцуулсны дараа саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.
Хуулийн
төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын 46.6 дахь хэсгийн “Сорьцын
хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ашиглалтын
тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, бичил уурхайгаас олборлосон
алтанд мэргэжлийн байгууллагаар орон нутагт сорьц тогтоолгох ажлыг
гүйцэтгүүлнэ” гэснийг хасах санал оруулж ирснийг хуралдаанд оролцсон
гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын
тайлбарласнаар, сорьц тогтоолгох асуудлыг Эрдэнэсийн сангийн тухай хууль
болон Засгийн газрын 2002 оны 117 дугаар тогтоолд тодорхой тусгасан
байдаг болохоор Ашигт малтмалын тухай хуульд оруулах шаардлагагүй гэж
ажлын хэсэг үзсэн байна.
Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх
заалтын “47.3.3. Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан
алтанд энэ хуулийн 47.3.2-т заасан нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 5.0
хувь, энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай
тэнцүү” гэснийг хасах саналын томьёоллоор санал хураалт явуулахад
хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-оос дээш саналаар дэмжигдлээ. Байнгын
хорооны хуралдаанаар ийнхүү төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн, чуулганы
нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.