Дархан-Сэлэнгийн ордын талаар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

Дархан-Сэлэнгийн ордын талаар мэдээлэл хийлээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Гишүүн С. Ганбаатараас Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуягт хандаж Дархан-Сэлэнгийн бүсийн ордуудыг түшиглэн баригдах төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийн явц, дотоодын хувийн хэвшлийн оролцоо болон төмөрлөгийн үйлдвэрлэлийн хөгжил ямар шатанд байгаа талаар асуулга тавьсан бөгөөд асуулгад Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариулт өглөө.

Д.Ганхуяг “Ашигт малтмалтын бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан бол 2012 оны байдлаар 90 орчим хувь болж 10 жилийн дотор 40 функтээр өссөн үзүүлэлттэй байна. 2000 оны эхээр төмрийн хүдэр, баяжмалыг экспортлодоггүй байсан бол 2012 онд төмрийн хүдрийн экспорт 6,4 сая тонн болж Монгол Улсын экспортын гуравдагч томоохон бүтээгдэхүүнд тооцогдож байна. Улсын хэмжээнд нийт 38 аж ахуй нэгжид төмрийн хүдийн ордыг ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд эдгээрээс 24 аж ахуйн нэгж идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор төмрийн хүдэр экспортлогч компаниуд зөвхөн анхан шатны буюу хуурай соронзон аргаар баяжуулах технологитой байгаа бөгөөд цөөн тооны компаниуд нойтон соронзон аргаар баяжуулах бага оврын үйлдвэрүүдийг ашиглалтад оруулсан. Мөн бага хэмжээний төмрийн хүдрийг ангижруулахаас гадна төмрийн хүдрийн боловсруулалтын түвшин бага байгаа нь төмрийн хүдрийн экспортын үнэ доогуур байхад нөлөөлж байна. Уул уурхайн яам нэмүү өртөг шингэсэн хорголжин төмөр үйлдвэрлэх, улмаар эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох бодлогыг баримталж байна. Энэ зорилгоор Засгийн газрын 2013 оны 131-р тогтоолоор төмрийн хүдэр, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг баталсан. 2013 оны дөрөвдүгээр сар 01-ний өдрийн байдлаар төмрийн хүдрийн экспортлох гэрээний үнэ дунджаар 58 ам.доллар байсан бөгөөд нойтон баяжмал үйлдвэрлэснээр 124 ам.доллар, хорголжин төмөр үйлдвэрлэснээр 165 ам доллар болж, үнэ өсөх боломжтой байна. Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд болон Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайдын хамтарсан тушаалаар “Монгол төмөр” хөтөлбөрийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс манай улсын дотоодын нийт төмрийн хэрэглээ болон төмрийн хүдрийн нөөцийг газар нутгийн байдлаар судлах, Монгол улсад төмөр, төмөрлөг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх таатай нөхцлийг судалж, байгаль орчинд хал багатай шилдэг технологийг нэвтрүүлэх санал боловсруулахаар ажиллаж байна.

“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь жилд 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ч хаягдал төмөр олдоцоос шалтгаалан хүчин чадлынхаа 50-60 хувийг ашиглаж ирсэн. 2009 онд тус үйлдвэр 3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2012 онд 6,4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Компанийн үйлдвэрлэлийг 2010-2015 онд өргөтгөн Уул уурхай, хар төмөрлөгийн цогцолбор байгуулахаар хамтран ажиллаж, одоогоор 81,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХЗ нь шинээр уурхай нээх, төмөрлөгийн үйлдвэрлэлийг өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Төмөртэйн уурхайд Хуурай соронзон баяжуулах үйлдвэр байгуулах, Төмөртолгойн уурхайд хуурай аргаар баяжуулах шинэ шугам барих, Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр нойтон аргаар баяжуулах үйлдвэр, Гангийн үйлдвэрийн өргөтгөл барихаар төлөвлөж байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд нь 229,3 сая тоннын нөөцтэ, манай улсын хамгийн их нөөцтэй төмрийн хүдрийн орд юм. Уг ордыг 2007 онд УИХ-ын 27-р тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан. Төмөртэйн төмрийн хүдрийн ордод байгуулах АНУ-ын Трио фирмийн 750 тонн/цаг хүдэр боловсруулах хүчин чадал бүхий “Хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэр” ийн угсралтын ажил өнөөгийн байдлаар 90 хувьтай явж байгаа бөгөөд энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэсэн байна.

Асуулгатай холбоотойгоор гишүүд асуулт тавьж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж