Гишүүн С.Ганбаатар асуулгадаа “Төмөрлөгийн үйлдвэрлэл, төмөрлөгийн хөгжил манай оронд ямар шатандаа явж байна вэ, Дархан Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн орчин үеийн техник технологи бүхий төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих, тэдгээрийн төслийн хэрэгжилтийн явц ямар түвшинд байгаа, дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг нэгтгэн зохион байгуулж, төмөрлөгийн боловсруулах үйлдвэр байгуулахад оролцуулах талаар ямар бодлого чиглэл гаргаж байгаа вэ. 2001 оноос хойш үйлдвэр барина гэж ярьж байна. Энэ засгийн үед баригдаж чадах уу. Говь руу төмөрлөгийн үйлдвэр барина гээд байх юм. Усны нөөц нь хангалттай юм уу” гэдгийг тодруулахыг хүсчээ.
Түүний асуулгад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хариулт өгсөн бөгөөд “Засгийн газар байгуулагдаад жил зургаан сарын хугацаа өнгөрч байна. Бид хүнд үйлдвэрүүдээ амлаж авсан. ТЭЗҮ-үүд нь ерөнхийдөө дуусч байна. Дархан, Сэлэнгийн бүсэд бүх үйлдвэрүүдээ барина гэхээр эдийн засгийн ашиг талаасаа болохгүй байна. Усны судалгаа хийж, нөөцийг тодорхойлсон байгаа” гэсэн байна.
Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл "Гурван яам хамтран “Монгол төмөр” нэртэй ажлын хэсэг байгуулсан. Түүхийгээр нь гаргахаас татгалзаж, хагас, бүрэн болгосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттойгоор ажиллаж байна” хэмээсэн юм. Дараагаар нь гишүүн Д.Хаянхярваа “Бид бодлогыг олон удаа тодорхойлсон, одоо хийх л үлдээд байна. Үе үеийн сонгууль дээр л Дарханд төмөрлөгийн үйлдвэр барина, Ажлын байр бий болгоно гэж хэлсээр ирсэн” хэмээлээ.
Харин С.Ганбаатар гишүүн үүний дараа "Гарт баригдах зүйл үнэндээ алга. Гацаагаад байгаа ажлаа шийдээд, УИХ-ын гишүүдэд ойрын үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Дутуу байгаа зүйлээ оруулж ирээд, батлуул. Нано технологи болоод усны судалгааг нь хармаар байна. Баяжуулах үйлдвэрээ нэн яаралтай байгуулмаар байна. Яг хэзээ ашиглалтад орох вэ гэдэгт тодорхой хариулт хэлсэнгүй. Миний хувьд байгуулсан ажлын хэсэгт нь орж ажилламаар байна” гэв.