Дэлхийн олон хотууд өөр өөрсдийн онцлог, давуу талаа сурталчилж, аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулан жуулчдыг эх орондоо татдаг. Жишээ нь Японы Саппоро, БНХАУ-ын Харбин зэрэг өвлийн хотууд цас, мөсний баяраараа дэлхийд алдартай. Тэгвэл Улаанбаатар хот өөрийн гэсэн өвлийн наадмыг анх удаа зохион байгуулах гэж байна.
Эртнээс нааш Монголчууд шинийн гуравны билэгт сайн өдөр мөсөн шагай харваж тэр жилийнхээ аз хийморийг шинждэг уламжлалтай. Тус арга хэмжээ нь мартагдах шахаад буй уламжлалыг сэргээж мөсөн шагай, урианхай харвааг дэлгэрүүлэх мөн шинэ тутам хөгжиж буй нохойтой чарга, өвлийн дугуйн спортыг сурталчлах, улмаар өвлийн улиралд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Улаанбаатарын өвлийн наадмын үеэр тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн мэргэжлийн тамирчдын болон сонирхогчдын тэмцээн, нохойтой чарганы уралдаан, мөсөн сурын харваа, өвлийн дугуйн аялал, бартендерийн үзүүлбэр болон урлагийн тоглолт болно.
Нийслэлийн иргэд, жуулчдад зориулсан “Улаанбаатарын өвлийн наадам” 02 дугаар сарын 02 буюу Шинийн гуравны өдөр Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр зохион байгуулах юм гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.