“Болор цом”-д үзэгч байна уу?

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

“Болор цом”-д үзэгч байна уу?

“Болор цом” наадамд оролцохоор яруу найрагчид, яруу найраг сонирхогчид өврийн хангай нутгийн зүг хүлгийн жолоог залж эхэллээ. Учир нь МЗЭ-ээс зохион байгуулдаг 31 дэх удаагийн “Болор цом” наадам энэ жил Өвөрхангай аймагт нэгдүгээр сарын 25-нд буюу маргааш болохоор товлогдсон юм. 

Утга зохиолын хүрээнийхний дунд гарч байгаа яриа хөөр, жиг жугийг сонсох нь ээ, “Болор цом-31” наадмын Янжинлхам бурхныг гардан авах найрагчийн нэр хэдийнэ тодорчихсон гэх. Нутгийн хүү С.Дамдиндорж, эсвэл  Г.Моломжамцын аль нэг нь “Болор цом” өвөртөлж харина хэмээн найрагчид ам дамжуулан ярих аж. Яг л Өвөрхангайн наадамд Өвөрхангайн хүү түрүүлэх ёстой гэсэн үндэсний бөхийн бичигдээгүй хууль шиг.  Цаашлаад 21 аймгаас 21 “Болор цом”-тон төрнө гэвэл Д.Пүрэвдорж агсны санаачилсан энэ наадмын үнэ цэнэ алдагдах нь гарцаагүй юм.

Ер нь сүүлийн үеийн “Болор цом” наадам үнэлэмжгүй болсон. Нэгэндээ найр тавих, ёс гүйцээх мэт ээлж дараатайгаар авдаг, өгдөг болсон нь шүлэг бичдэггүй юм аа гэхэд сонсох дуртай, гоё шүлэгнээс таашаал авахыг хүсдэг олон хүний сэтгэлийг гонсойлгох болсныг хэлэх хэрэгтэй биз. Үнэндээ бол Монголын яруу найрагчид “Болор цом” авахын тулд шүлэг бичдэг болоо юу гэлтэй, үүнийг батлах мэт цом өвөртөлсөн нэгэн нь дараагийн жилээс ”Морьдоо сойх”-оо больдог нь худал биш ээ. “Болор цом”-ын эзэн гэдэг нэр зүүчихвэл санаа амарчихдаг байж болох ч шандаст хүлэгтэй зүйрлэвэл  хэн шүлэг сайтай нь “Болор цом” наадмыг жил дараалан эзэгнэсэн ч болох юм байхгүй мэт. Даанч тийм гоё өрсөлдөөн, эрүүл сэтгэлгээ энэ наадмаас харагдахаа даанч больжээ. Танилтай, мөнгөтэй бол “Болор цом”-ын эзэн болоход амархан гэмээр. Учир нь энэ цом жинхэнэ шилдэг шүлэгт биш, нөлөөтэй найрагчдад олддог шагнал болчихсон гэхэд хатуудахгүй. Тайзны шүлэг өөр гэж зарим хүмүүс хэлдэг. Магадгүй тийм байх. Гэхдээ сайн шүлэг тайзан дээрээс ч тийм гэхийн аргагүй часхийсэн мэдрэмжийг үзэгчдэд өгдөг шүү дээ. Үзэгч, сонсогчдын хувьд нэг үеэ бодвол сэтгэлгээний гоо сайхан, яруу найргийн үнэ цэнийг ойлгохтойгоо болсон.

Оюутан байхдаа “Болор цом” наадам үзэхийн тулд автобусны билет, хоолныхоо мөнгөнөөс илүүчлэн байж тасалбарыг нь худалдаж авдаг байлаа. Учир нь таашаал авахын тулд тийм сонголт хийдэг байж. Харин одоо урилгаар үзсэн ч энэ наадмаас таашаал авах болов уу гэсэн асуулт толгойд эргэлдээд болохгүй нь.

“Болор цом”-ын утга алдагдаж, зөвхөн уралдааны шинжтэй болсон гэдгийг утга зохиолын хүрээлэнгийнхэн ч өөрсдөө шүүмжилж байна. Цом авах найрагчийн нэр хэдийнэ тодорч, айраг цагаагаа аваад ирдэг болсон гэх.  Нөгөө “Мөнгөн буйл” дээр гардаг шиг түрүүнийхээ байны даагыг хазаарлах мөнгөн хазаар, боодог хийх ямаагаа дүүрээд давхидаг Гочоорхуу л юм болдог юм даг уу. Сүүлийн жилүүдэд “Болор цом” наадам үзэхээ больсон, тэгээд ч утга зохиолын хүрээлэнгийн хүн биш болохоор элдэв сайн, муу яриаг нь мэдэхгүй юм. Ямар ч байсан “Болор цом” үзэхсэн гэсэн битүүхэн догдлол энэ наадмын үнэ цэнэ алдуурах тусам гээгдсээр. Яг л давс султай хоол шиг. Үзэгч гэж шарзанд халсан, халамцсан өнөөх л хэдэн найрагчид.  Үнэндээ ийм наадам зохиох гэж байгаа бол хэрэггүй.

Харин энэ жилийнхийг шинэлэг наадам болоосой гэж хүсч байна. Энэ нь шинэ хүн түрүүлээсэй гэсэндээ биш, шинэ, хуучин, хөгшин, залуу гэлтгүй шударга өрсөлдөөнтэй  зохион байгуулж, сайн шүлэг хол давхиасай гэсэн санаа. Гадуур яригдаж байгааг яриаг батлах бус үгүйсгэж, чадалтай, чансаатай найрагч “Болор цом” өвөртөлөөсэй хэмээн хүлээж байна.  Өрсөлдөөн нь шударга байх тусмаа үзэгч олонтой байх нь гарцаагүй ээ.

Эцэст нь юм  болгонд оролцох дуртай Нутгийн зөвлөл гэгч “бүлэглэл” үндэсний бөхийн үүрийг эвдэж байдаг шигээ үгийн тансаг наадамд будилаан бүү хутгаарай гэж хүсье.

 Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж