“Женев II” уулзалт, хэлэлцээ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

“Женев II” уулзалт, хэлэлцээ эхэллээ

Сирид гурван жил үргэлжилж буй зөрчил мөргөлдөөнийг энхийн аргаар шийдвэрлэх зорилготой “Женев II” уулзалт өнөөдөр /I.24/ Швейцарьт үргэлжилж байна. Сирийн энхийн уулзалт Швейцарийн Монтрё хотод лхагва гарагт нээлтээ хийсэн билээ. Уулзалтын эхний өдөр Ерөнхийлөгч Башар аль-Ассад болон сөрөг хүчний “Үндэсний эвсэл”-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн боловч нүүр тулж уулзаагүй юм. Харин Женев хотноо шилжин болж буй уулзалтанд Сирийн сөргөлдөгч талууд нэг танхимд суусан байна. Гэвч тэд шууд харилцахаас татгалзаж, НҮБ-ын эвлэрүүлэн зуучлагч Лахдар Брахимиар дамжуулан харилцаж байгаа гэнэ.

Хэлэлцээрт Сирийн сөрөг хүчний тавьж буй гол шаардлага бол Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгах бөгөөд үүнийг АНУ тэргүүтэй зарим орон дэмжиж буй юм. Харин Сирийн Засгийн газрын зүгээс Башар аль-Ассадыг суудлаас буулгах яриаг эрс эсэргүүцэж, ирэх сонгуульд улиран нэр дэвшихийг мэдэгджээ. Түүнчлэн Башар аль-Ассадын холбоотон ОХУ-ын зүгээс Сирид энх тайван, тогтвортой байдал тогтоохыг хүсч буйгаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн 2012 онд болсон “Женев I” уулзалтаар НҮБ-ын зүгээс Сирид шилжилтийн Засгийн газар байгуулах, сөргөлдөгч талуудын хооронд яриа хэлэлцээрийг эхлүүлэх, үндсэн хууль, хуулийн системийг авч хэлэлцэх, шударга, чөлөөт сонгууль явуулах зэргийг зорилгоо болгон авч хэлэлцэж байсан юм. Харин энэ удаагийн “Женев II” уулзалтын зорилгод Сирийн сөргөлдөгч талуудын хооронд гал зогсоох гэрээ байгуулах, хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй нэвтрүүлэх зэрэг асуудлууд багтаж байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж