Монголын эмэгтэйчүүдийн холбооны 90 жилийн ой болно

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

Монголын эмэгтэйчүүдийн холбооны 90 жилийн ой болно

Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит хурал өчигдөр Төр, захиргааны үйлчилгээний “Элит” төвд боллоо. Хурлаар 2013 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, 2014 оны зорилтоо тодорхойлов. Монгол улсад 1924 онд анх үүсч байгуулагдсан эмэгтэйчүүдийн ууган байгууллага -Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо энэ онд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхийг өрнүүлэх, манлайлагч эмэгтэйчүүдийг алдаршуулах, амьдралд хэрэгцээтэй сургалт, мэдээллийн ажлууд зохиохоор төлөвлөгдөж байна.

”Бид жил бүр ээлжит чуулганаа иргэний нийгмийн өдрийг угтаж хийдэг. Тэр уламжлалаараа газар газраас ирсэн бүсгүйчүүдтэйгээ чуулж байна. 90 жилийн буурал түүхтэй холбоонд маань гишүүнээр элсэж,хамтран ажиллахаар сүүлийн үед сэтгэл зүтгэлээрээ нэгдсэн сайн дурын байгууллагууд нилээн хандах боллоо.Энэ бол Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны нэр хүндийн чансааг харуулж байгаа болов уу. Бидэнд хийж бүтээх их зүйл бий. Өнөөдрийн хурлаараа 90 жилийн ойгоо товлолоо. Шинийн 15 буюу 10-р сарын 8-ны билэгт өдөр 1000 эмэгтэйтэй хамт чуулахаар товлоод байна. Хийж бүтээх оргилуун их санал санаачлагууд сонсож байна. Ирэх зуны сургалт,тойрон аяллыг Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл зохион байгуулах санаачлага гаргалаа. Зуны сургалт,тойрон аялалыг бид 17 дахь жилдээ зохиох гэж байна. Манайхан үүнийг их хүлээдэг юм” гэж Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг хэвлэл мэдээлллийнхэнд ярив.

Холбооны орон нутаг дахь гишүүн байгууллагууд 2013 онд төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажилласнаас эмэгтэйчүүд, эхчүүдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн санал санаачилга, орон нутгийн хөгжилд иргэний нийгмийн зүгээс хийх хяналт үнэлгээний үр дүнд ихээхэн анхаарал хандуулсан байна. Оны ажлын дүнгээр гишүүн байгууллагуудын ажлыг дүгнэж, манлайлагчдыг шагнаж урамшууллаа. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны 2013 оны манлайлагчдаар Увс, Говь-Алтай, Баянхонгор аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлүүд болон Хил Хамгаалах Ерөнхий Газрын Хилчин эмэгтэйчүүдийн холбоо, Сувилахуйн амьдрал төв, Казах эмэгтэйчүүдийн Арулар холбоо шалгарав. 90 жилийн ажилдаа сэтгэл дүүрэн орж байгаа бүсгүйчүүддээ амжилт хүсье.

МЭХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн,сэтгүүлч Ц.Сарантуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж