
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Б.Бат-Эрдэнийг МАХН-д элсэх гэж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн хэрэгслээр цацагдаад байсан бол тэрээр өөрөө энэ талаар тайлбар өглөө. Тодруулбал, МАХН-д элсэх гэж байгаа талаархи мэдээлэл нь гүтгэлэгийн чанартай, худал мэдээлэл гэдгийг Б.Бат-Эрдэнэ гишүүн хэвлэлийнхэнд мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ талаар “МАХН-д элсэх талаархи мэдээллийг хэвлэлээс олж харлаа. Энэ бол худал мэдээлэл гэж хэлмээр байна. Гүтгэлэгийн чанартай мэдээ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн үеэр миний нэртэй фэйсбүүк хуудас нээсэн байсныг би анзаараагүй өнгөрсөн. Гэтэл тэр хуудаст миний үзэл баримтлалаас тэс өөр зүйл гаргаж, хэн нэгэн удирддаг байсныг саяхан олж мэдсэн. Тиймээс энэ фэйсбүүк хуудсыг саяхан хаалгалаа. Б.Бат-Эрдэнэ МАХН-д элсэнэ, Б.Бат-Эрдэнэ намын дэд даргаар очих гэж байгаа гэх зэрэг мэдээллүүд ч мөн худал гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.