Д.Чулуунбатын зээрд түрүү магнай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.08-нд нийтлэгдсэн

Д.Чулуунбатын зээрд түрүү магнай боллоо

Монголын морин спорт холбооноос зохион байгуулдаг “Дүнжингарав-2010” хурдан морины уралдаан долоо дахь жилдээ өчигдөр Төв аймгийн Зуунмод хотод амжилттай боллоо. Энэ удаад уламжлал ёсоор их нас, соёолон, азарга насны морьдын уралдаан болсон юм. Азарга насанд 293 хурдан буян тоосоо өргөснөөс Төв аймгийн Баян сумын уугуул Монгол Улсын шадар сайд М.Энхболдын зээрд түрүү магнай боллоо. Аман хүзүүнд Дорнод аймгийн Матад сумын харьяат  Бат-Очирын Цэндбаатарын хул түрүүлсэн бөгөөд энэ буянт хүлэг өнгөрсөн жилийн ”Дүнжингарав” болон улсын наадамд аман хүзүүдэж байсан билээ. Гуравт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ё.Болдбаатарын зээрд, дөрөвт, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Нацагийн Хүрлээгийн хүрэн халзан нар тус тус орж иржээ. Н.Хүрлээгийн хүрэн халзан ажнай улс бүсийн наадамд гурван удаа айрагдаж байсан хурдтай хүлэг. Айргийн тавд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат О.Тагарваагийн далай зээрд удааллаа. Энэхүү хурдан буян өнгөрсөн жилийн “Дүнжингарав” уралдаанд соёолон насандаа түрүү магнай болж байсныг манай морины хорхойтнууд андахгүй. Энэхүү хурдан буяныг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Авгаансамдангийн Батсүх уяж хурдлуулсан байна. Их насанд 408 хурдан ажнай тоосоо өргөснөөс Төв аймгийн Баянцогт сумын харьяат манлай уяач С.Ганхуягийн бор, аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ш.Мөнхбаярын арвай хээр, гуравт Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Х.Дэлгэрдалайн халтар халзан, дөрөвт Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат манлай уяач Цогтын Батсайханы бор, /өнгөрсөн жилийн бүсийн наадамд хоёр удаа айрагдаж байсан/, айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Р.Мягмардоржын үүлэн бор нар тус, тус хурдалсан байна. Монголчуудын хамгийн их билэгшээдэг соёолон насанд 310 хурдан буян тоосоо өргөж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат манлай уяач Д.Чулуунбатын зээрд, аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат,Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд, гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Тэмүүжингийн хээр, дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Б.Алтанпүрэвийн хүрэн халзан, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын  харьяат Л.Сүхбаатарын хээр тус тус хурдаллаа.
“Уг уралдаан Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн шинийн гурванд болдог байсан. Харин энэ жил цас зудтай байсан учраас өдийг хүртэл хойшлуулсан юм.  Үүнтэй холбогдуулан олон аймаг сумын хурдан хүлэг тоосоо өргөсөн. Увс, Ховд аймгаас бусад аймаг, сумдын буянт хүлгүүд уралдсан нь хамрах хүрээний хувьд нэлээд өргөн болж чадлаа. Түүнчлэн зохион байгуулалт өндөр төвшинд болсон учраас ямар нэгэн будлиангүй боллоо” хэмээн ММСУХ-ны дэд ерөнхийлөгч Д.Самданжамц ярьлаа.
Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж