Тэд огцорно, бид тохирно

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

Тэд огцорно, бид тохирно

Твиттерчдийн нэг өдөр мөн л намдуу тайван өнгөрлөө. Сочигийн олимпийн наадамд оролцох тамирчдын өмсөх хувцсыг “маанагдуу”, шатахуун түгээх станцын ажилчдын хувцаснаас ч дор зүйл хийчихсэн байна, ямар ч загвар алга гэх зэргээр ам булаалдан шүүмжлэв. Мөн өдөр иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр кэндикраш тоглож суусан нөхрийн зураг ч З.Баянсэлэнгэ гишүүний өмнөх түүхийг сануулж, төрд ажиллаж байгаа улсын ажилдаа хандах хандлага нь иймэрхүү болсон гэх дүгнэлтэд санал нэгдэцгээв.

Мөн өнгөрөгч өдрийн Ц.Мөнхбаярт өгсөн 21 жилийн ял оновчтой эсэх тухай цэц булаалдацгааж, түүнийг өмөөрнө гэсэн Ж.Батзандан гишүүнийг ч “бариад идчих” шахлаа.

Өнгөрөгч өдрийн жиргээнээс “Солонгосын дээд шүүх гоё юм тийм ээ, гурван гишүүнийг сонгуулийн хууль зөрчсөн гээд л эгүүлэн татаад яллачихдаг” гээд дараах мэдээг хуваалцсаныг онцлохоор шийдлээ. “БНСУ-ын дээд шүүхээс 2012 оны парламентын сонгуульд хууль бусаар оролцсоных нь төлөө гурван гишүүнийг суудлаас нь эргүүлэн татаж шоронд хорих ял оноосон байна. Сонгуулийн хуулийг зөрчиж компаниудаас авсан мөнгөө сонгуулийн сурталчилгаандаа ашигласан, мөн намынхандаа мөнгө тарааж явсан хэргээр Саянури намын Ли Жэ Юнгийд шүүхийн шийдвэрээр нэг жил хорих, хоёр жилийн тэнсэн ял өгчээ. Мөн шүүхийн шийдвэрээр өмнө нь Саянури намтай нягт холбоотой байсан гэх бие даагч гишүүн болох Хэён Юн Хэд нэг жил зургаан сар хорих, хоёр жилийн тэнсэн ял оноосон байна. Намаасаа хөөгдөхөөсөө өмнө Хэён нь дөрөвдүгээр сарын 11-ний сонгуулийн өмнөхөн намын жагсаалт дахь өөрийн байр сууриа хамгаалахын тулд 50 сая вон буюу 41.700 ам.долларыг намынхаа удирдлагуудад өгсөн гэж буруутгагдсан байна”

Энэхүү мэдээ нь Монголын парламентад шударга бусаар гарч ирсэн нөхөд байгааг жиргээчдэд сануулсан бололтой.  “Солонгос бол хуулийг дээдэлсэн улс орон шүү. харин хуульгүй улс чинь манайх шүү дээ. Тэд огцорч байхад, бид тохирч байдаг” “Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёр бусдаар мөнгө тараалгуулсан нь шүүхээр тогтоогдчихоод байхад УИХ-д суугаад байх юм. Өргөдлөө өгөөд гараачээ” “Сонгуулийн санхүүжилтийг шинэчлэхгүй бол Хүрэлбаатар Чойжилсүрэн нар даамжирсаар төрийн хямралд хүргэнэ. Балагийг нь хойч үе үүрнэ”  гэх мэтээр зарим жиргээчдийг бухимдуулж байлаа.

Нээрээ л зарим оронд хууль зөрчсөн нь нотлогдсон л бол огцруулж чаддаг байтал, бид.. Эсвэл Монголд хууль үйлчилдэггүй юм болов уу.

Цахим Болжмор 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж