Бодлогын хүүг ойрын үед нэмж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.19-нд нийтлэгдсэн

Бодлогын хүүг ойрын үед нэмж болзошгүй

Монголбанкны Захирлуудын зөвлөл өчигдөр хуралдаж, бодлогын хүүг 11 хувь дээр хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэ тухай болон бусад мэдээллийн талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийсэн юм.

Оны эхний улирлаас хурдацтай нэмэгдэж буй инфляцийг үндсэндээ махны үнэ тодорхойлж байсан бол цаашид эрэлтийн хүчин зүйлсийн нөлөө нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Банкны зээл олголт нэмэгдэж, хувийн хэвшил идэвхжиж буй энэ үед УИХ-аар хэлэлцэж байгаа 2010 оны төсвийн тодотгол хэрэглээг түлхүү дэмжих хандлагатай, улмаар инфляцийг нэмэгдүүлэхээр байгааг албаныхан хэлж байна.
Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн инфляци энэ оны тавдугаар сарын байдлаар сарын 4.2 хувь, оны эхнээс 16.1 хувь, жилийн 11.7 хувьтай гараад байна.

Инфляцийн дарамт ийнхүү нэмэгдэхээр байгаа нь хүн амын бодит орлогыг бууруулж улмаар дунд, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг сааруулна. Тиймээс Төв банк ойрын хугацаанд мөнгөний бодлогыг дахин чангаруулах нөхцөлтэй тулгарч болзошгүй байна. Ийнхүү төсвийн тэлэлт, түүнд хариу үзүүлсэн мөнгөний бодлогын чангаралт нь хувийн секторын хөгжил, хөрөнгө оруулалтыг хумиж, дунд болон урт хугацааны эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлтэй гэдгийг Монголбанк анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж