УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Монголын Үнэн” сонины редакцид хүрэлцэн ирж,сэтгүүлчидтэй халуун дотно яриа өрнүүлснийг уншигч танд хүргье.
ӨСӨЛТИЙГ ОРУУЛЖ ЧАДСАН
-Таныг ярилцлагад урихдаа төсвийн бүтэц, хяналт, зарцуулалтын талаар сайн яриулах юм шүү гэж бодож байлаа. Сайн мэддэг сэдэв болохоор чинь тэр байх л даа. Ирэх оны төсөвт сэтгэл дундуур байгааг чинь бараг мэдэж байна, амтай болгон л ярьж байгаа юм чинь. Нэгэн цагт Сангийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд та том дүгнэлт хийж байгаа байх л даа?
-Хэвлэл мэдээллийнхэн ирэх оны төсөв ямархуу болов гэдгийг энэ жил их онцолж тодруулаад байна л даа. Өмнө нь ч гэсэн анхаарал хандуулдаг байсан. Гэхдээ бүр илүү онцлоод байгаа нь сэтгэл дундуур байгаагийн илрэл болов уу гэж бодогдож байгаа юм. Зөвхөн сэтгүүлчид ч биш иргэд ч ирэх оны төсөвт эргэлзэж тээнэгэлзсэн байдалтай. Энэ төсөв анх батлагдахаасаа эхлээд маргаан дагууллаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах талаар ярьж эхэлсэн. Ерөнхий сайд нь хүртэл авлигажсан төсөв гэсэн ойлгомжгүй юм ярьсан. Төсвийг ухаад үзэхээр өөдтэй юм байхгүй. Иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн, нийгмийн хамгааллын асуудлаа шийдэж чадаагүй. Цалин тэтгэврийг ч хангалттай нэмсэнгүй. Эсрэгээрээ хөрөнгө оруулалт, урсгал зардал нь хэдэн тэрбумаар хэмжигдэж байх жишээтэй. Хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 500 орчим тэрбум төгрөгөөр буурсан. Ийм л төсөв орж ирлээ. Бид яаж сайн төсөв боллоо гэж хэлэх юм.
-Харин “Сүүлтэй төсөв” гэж улстөрчдийн хочлоод буй төсвийг Сангийн сайд Ч.Улаан шахсан бяслаг шиг төсөв хэмээн тодорхойлоод байгаа шүү дээ?
-Бяслагыг шахсан ч сайн чулуулахгүй бол дотроосоо сагадаг тал бий. Ялангуяа зуны бяслаг амархан сагадаг. Тэгэхээр төсөвт тодотгол хийж байна гэдэг чинь төсөв дотроосоо сагана гэсэн үг. Үүнийг монгол хүн бүр мэдэх ёстой. Сайхан шахсан бяслаг шиг боллоо гэдэг чинь эрх баригчдын нөгөө л пиарын нэг хэсэг шүү дээ.
-Эрх баригчид МАН-ын гишүүдийн санал, сануулгыг ажил хэрэгчээр хүлээж авахгүй байна. Та нар шүүмжлэхийн тулд л шүүмжлээд байдаг юм уу. Эсвэл эрх баригчид бодит үнэнийг ч шүүмжлэл гэж хүлээж авдаг юм уу?
-Эрх баригчдын үгэнд итгэхэд тун бэрх байна. Манай намын бүлгээс шаардлага тавьж ээлжит бус чуулганыг өнгөрсөн наймдугаар сард хуралдуулсан. Тухайн үед бид эдийн засаг хүндэрч, төсвийн орлого их хэмжээгээр тасарлаа. Төсвийн тодотгол хийх нөхцөл байдал үүсэх нь байна шүү гэж анхааруулаад л байсан. Гэтэл юу гэлээ манай эрх баригчид, тодотгол хийхгүй. Бүх юм хяналтад байна гээд байсан. Эцсийн эцэст төсвийн тодотгол хийх гээд л сууж байна шүү дээ. Төсөв баталж байхдаа тодотгол хийнэ гэдэг чинь нэг л болохгүй төсөв хийчихлээ дээ гэдгээ өөрсдөө мэдээд байгаа хэрэг биздээ. Төсвийн тухай хуулиар төсвийн тодотгол хийдэг үндсэн шалгууртай болчихсон. Энэ бол аливаа юм үнэнд гүйцэгддэгийн бодит илрэл юм даа. Яахав тодотгол хийж болно. Хүн юм чинь алдаж онож болно. Хамгийн гол нь үнэнийг хүлээн зөвшөөрдөг, алдаанаасаа сургамж авч ажилдаа өөрчлөлт гаргадаг байх ёстой. Эрх баригчид алдаанаасаа огт суралцахгүй байна. Тэдний ухаан дутаад байгаа юм уу. Урагшгүй байдлаар хандаад байгаа юмуу бүү мэд. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүрсэн үр дүнгээ бид эргэж санах ёстой. Энэ бол дан ганц Ардын намын ач гавьяа байсан гэвэл хэтэрхий өрөөсгөл болно. Бодлогын том асуудал дээр олонхи нь цөөнхөө сонсож байсны үр дүн байлаа. Үүний хүчинд Монголын эдийн засаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Гаднын олон том компани манай улстай хамтарч ажилах санал дэвшүүлж байсан. Эдийн засгийн өсөлтийг өрх гэр болгонд хүргэхийг зорьсон. Бид айл бүрийн хаалгаар эдийн засгийн өсөлтийг оруулж чадсан байхгүй юу. Иргэн бүрт 21 мянган төгрөг өгсөн, цалин тэтгэврээ 10-30 хувиар нэмснээс гадна макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч байсан. Гэтэл жил хагасын дараа эргээд харахад бүх юм 180 градус эргэжээ. Өдөр болгон шинэчлэлийн Засгийн газрын нэг сайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч байна. Энэ Засгийн газар пиарыг жинхэнэ утгаар нь хийж байна. Бодвол гаднын олон зөвлөх пиарчид нь зааж зааварчилдаг байлгүй. Худлаа юмыг 1000 давтахаар үнэн болдог гэдгээр ард түмнийхээ тархийг өдөр болгон угааж байна. Иргэдийн тархийг угаагаад сонгуульд ялалт байгуулж болно оо. Ийм үнэ цэнээр ялалтад хүрэхийн төлөө ард түмнийг сөхрүүлж л болохгүй. МАН-ынхныг биш юмаа гэхэд өөрийн намынхаа дадлага туршлагатай эдийн засагчдынхаа үгийг сонсооч гэж хүсмээр байна.
ОГЦРУУЛНА ГЭСЭН ҮГ БИШ
-Гаднын пиарчид гэж та хэнийг хэлж байна. Манайд эдийн засгийн санамж, зөвлөгөө өгдөг Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас танай эдийн засаг болохоо болилоо гэдгийг аль оны эхэнд хэлсээр байсан юм билээ?
-Саяхан Дэлхийн банкны эдийн засгийн тойм гарлаа. Манай орны эдийн засгийн талаар маш зөв дүгнэлт хийсэн байна лээ. “Чингис” бонд, “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр, Хөгжлийн банкны санхүүжилт зэрэг төсвөөс гадуурх төслүүд байна. Төсвөөс гадуур явахдаа хуулийн хүрээнд тендер зарлагдахгүйгээр шууд гэрээгээр зарцуулалт нь яваад байна гэсэн агуулгатай дүгнэлт гарсныг уншсан. “Чингис” бондыг үр ашиггүй зар цууллаа. ДНБ-д эзлэх өрийн хэмжээ нэмэгдэж байна гэдгийг олон улсын байгууллагууд анхааруулж, төрийн бүтэц данхайж байгааг ч хэлсэн байна . Эдийн засгаа атгаж байгаа хүмүүст нэг бодол байдаг биз дээ.
-Одоогийн Засгийн газар шиг их мөнгөтэй засаг ер нь өмнө нь байгаагүй. Тэгсэн атлаа төсвийн алдагдлыг ингэж их хувиар бий болгосныг хэний алдаа гэж үзэх вэ?
-Оюутолгой, Тавантолгойгоос олсон орлогыг танай намынхан иргэдэд тараасан. Тэгж тарааснаас болж бид танай тавьсан өрийг дарах гэж зовж байна, ингэж алдагдал хүлээлээ гэж хэлдэг. Тийм биш л дээ. Хэрвээ Тавантолгойн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байсан бол бидэнд үр ашигтай ажиллах боломж байсан. Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг үргэлжүүлж байсан бол өнөөдөр манайд ямар их хөрөнгө оруулалт орох байсныг бодох хэрэгтэй. Харамсалтай нь эрх баригчид өмнөх өрийн маапааныг цэгцэлж байна гэж өмнөхөө үгүйсгэсэн яриа их ярьж байна. Тавантолгой Чалко компанитай 10 жилийн гэрээ байгуулаад ажиллаж байсан. Гэтэл хэрүүл маргаан хийж 17 тэрбумын хэрэг гэж будлиантуулж байгаад зогсоочихсон. Ажлын арга барилаа олохгүй, алсыг харж ажиллаж чадахгүй байна гэсэн үг. Жилийн дараа дэлхийн эдийн засагт юу болохыг тооцоолохгүй байна. Хий дэмий цэцэрхсэн хүмүүс. Муу л юм болбол хойд талын хар овоохой гэгчээр өмнөх Засгийн газарт буруугаа чихдэг. Өмнө нь гаргасан алдаа, оноо болгон хамтынх. Олонхи нь цөөнхөө хүндэтгээд явбал бид улс орныхоо эдийн засгийг өөд нь татаад явж болно.
-Одоогийн эрх баригчдад үнэхээр арга барил, ажлын туршлага дутаад байна уу. Эсвэл цаана нь өөр ашиг сонирхол нуугдаж байна уу?
-Нуулгүй хэлэхэд хувийн ашиг сонирхол нь давамгайлаад байх шиг санагддаг. АН-ынханд мэдлэг боловсрол дутаад байна уу гэтэл үгүй юм. Ажлын туршлагын хувьд ч бага гэж хэлж болохгүй. Мэдээж 90 жил төр барьсан улстөрийн хүчинтэй харьцуулахад бага санагдаж магадгүй. Гэхдээ АНынхан улстөрд унаж, босч үзсэн. Ингээд бодохоор ажлын туршлага, мэдлэг чадвар дутагдана гэхээс илүү өөр ашиг сонирхол байна уу даа гэж хардмаар дүр зураг харагддаг. Бид хариуцлагын тухай байнга ярьдаг. Гэхдээ хариуцлага гэхээр огцруулна гэсэн үг биш. Төр засаг тогтвортой байх ёстой гэдэг үүднээс ажлаа сайн хий, бодлогоо зөв тодорхойл, бусдын үгийг сонс, алдаагаа зас гэдэг үүднээс л бид асуудал тавьдаг. Түүнээс биш хариуцлага нэрийн дор огцруулах гэсэн зорилго байхгүй. Харин Ерөнхий сайд танхим дотроо хариуцлага ярих хэд хэдэн яам бий. Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яамны сайдад хариуцлага тооцох хэрэгтэй гэдгээ өөрөө илэрхийлсэн. Зам тээврийн сайд А.Гансүх давхар төсөв оруулж ирсэн. Нэг тогоонд ажиллаж байж засгийнхаа бодлогоос тэс хөндлөн юм ярьсан сайдыг цалингийн хувиар торгосон байна. Энэ хариуцлага мөн үү.
-Таны ярианд олонхи нь цөөнхөө сонсохгүй байна гэсэн үг хэд хэд цухалзлаа. Намын Их хурлаас улстөрийн намуудыг зөвшилцөлд уриа лаад байгаа шүү дээ. Үүнээс улбаалаад нааштай өөрчлөлт гарах болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд байна?
-Намын Их хурлаас Үндэсний зөвшилцлийн хүрээнд асуудлыг ярилцах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Үүний дараа намын дарга М.Энхболд улстөрийн хүчнүүдийн дарга нарыг хүлээн авч уулзсан юм билээ. Улстөрийн намууд зөвшилцөж ажиллах ёстой гэдэг санааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр лүү” гэх зөвлөлдөх уулзалтын үеэр гарсан. Ерөнхийдөө уг илтгэлийн гол бай Засгийн газар руу чиглэсэн байсныг хүмүүс анзаарсан байх. Сөрөг хүчнийхний шүүмжилж, сануулж байсныг төрийн тэргүүн хэлнэ лээ. Төр хэтэрхий нүсэр аппаратаар хийрхэж давхиж байна. Одоо зөвшилцөж ажилла гэсэн дохиог өгсөн. Үүнээс санаа аваад ажлаа сайжруулах ёстой. Гэтэл Ерөнхийлөгчийн хэлсэн үг одоо бараг мартагдлаа. Ер нь энэ Засгийн газрын хамгийн их хийдэг ажил пиарын ажил юм биш үү.
-Засгийн газрын гишүүд энд тэнд тууз хайчилж байна. Өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн ажлын үр дүн л дээ, тийм үү?
-Өнгөрсөн Засгийн газрын хийсэн бүх ажлын үр дүн энэ Засгийн газрын үед гарч байгаа. Тууз хайчлаад байгаа ажлын олонхи нь хамтарсан Засгийн газрын үед гараанаасаа гарсан ажил. Монголын ард түмэн мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Зөв явсны үр шимийг өнөөдөр монголчууд хүртэж байна. Шоуных нь эзнээр харин энэ Засгийн газар тодроод байна л даа. Гэхдээ юмыг ухаардаг, зөв бурууг ялгаж салгаж ойлгодог хүмүүс бол хэзээ эхлээд хэзээ үр дүн нь гарч байгааг, хэний хийсэн ажлууд вэ гэдгийг эрхбиш гадарлаж байгаа гэдэгт итгэлтэй явдаг.
-Бүлгийн гишүүд ер нь л пиар талдаа хойрго хүмүүс. Хийсэн ажлаа ард түмэндээ зөв ойлгуулаач ээ гэж би бүлэгт ажиллаж байхдаа та нараас мөн ч их гуйдаг сан. Хийсэн эзэн нь пиардахгүй болохоор хийгээгүй нь шүүрээд авчихдаг юм биш үү?
-Би үүнтэй санал нийлнэ, их хийдэг, бага ярьдаг гэдэгтэй. Гэхдээ пиардахдаа бас учиртай байх ёстой. Дэлхий нийтийн чиг хандлагаар пиарыг яаж хийдгийг мэдэхгүй. Одоо хэвлэл мэдээллээр ярьж хэлье гэхээр хаалттай, амыг нь нэг л барьчих гээд байна. Толгой дээрээс нь дараад байна уу. Өвөрт нь түрийвчтэй мөнгө хийчих гээд байна уу. Хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүхэлдээ эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг болчих вий гэдэг айдас надад байдаг. Ийм хүчтэй хэрэгсэл нэг талд үйлчилнэ гэдэг маш аюултай. Дөрөв дахь засаглал болсон хэвлэл мэдээллийн салбарыг өөрийн жамаараа хөгжих боломжийг олгох хэрэгтэй л дээ.
-Эрх баригчдын хэрэг жүүлж буй “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр, “Чингис” бондын мөнгө чинээлэг цөөнхийг бий болгоход чиглэгдэж байгаа нь нууц биш. Нийт олонд наалдацтай юм харагдахгүй юм. Тэгэхээр нийтээрээ хоолтой, хувцастай байх бодлого зөв юм уу, зарим нь их иддэг, заримыг нь өлсгөлөн байлгах бодлого зөв юм уу. АН-ын бодлого хоёр дахь бодлого руу яваад байх шиг санагддаг?
-Энд нэг жишээ авъя. Би сүүлийн үед энэ жишээг их ярьж байгаа.Барилгын цементээр жишээ татмаар байна л даа. Иргэд банкны өндөр хүүтэй зээл аваад барилгын материал зөөдөг. Урд хөршөөс авч чадах хэмжээгээрээ цементээ зөөж бизнесээ хөл дээр нь босгох гэж зүтгэж байна. Гэтэл гурав, дөрөвхөн компанид цемент нийлүүл гээд нөгөө бондын мөнгөнөөсөө маш бага хувийн хүүтэй зээл олгохоор Хөтлийн цементийн үйлдвэрлэлийн хэмжээ 50 хувиар буурч байх жишээтэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь байтугай жижиг дунд үйлдвэрүүд нь элгээрээ мөлхөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хоолноосоо салж байна гэсэн үг. Уул нь бага хүүтэй мөнгө авсан компани нь цементийн үнээ нэмэхгүй гэсэн үнэ тогтворжуулах гэрээтэй. Гэтэл яасан, 250 мянга болгоод нэмчихсэн. Тэгэхээр энэ хөтөлбөрийн үр дүнг хэдхэн хүн л хүртэж байгаа биз дээ.Ирэх онд дахиад үргэлжлэх юм билээ. Бид эсэргүүцэж байгаа. Гадаад валютын урсгалыг Монгол руу чиглүүлэх биш боомилж унагаачихаад байна. Мах, гурил, арьс ширний үнэ бууруулахад энэ мөнгийг зарцуулсан гэж сонссон. Үндсэндээ 2.5 их наяд төгрөг эргэлдэж байхад УИХ зүгээр хараад сууж байна. Замд хийсэн хөрөнгө оруулалт эргэж төлөгдөхгүй. “Гудамж” төслийг муу болсон гэж хэлэхгүй. Гэхдээ үүнийг “Чингис” бондын хөрөнгөөр хийх байсан уу. Төсвийн хөрөнгөөр хийсэн нь дээр байсан уу гэдгийг бас бодох хэрэгтэй. Яагаад тендер зарлахгүй, ямар компани гүйцэтгэгчээр шалгарсныг тодорхой мэдээлэхгүй байгаа юм. Бүрхэг мэдээллийн цаана хээл хахууль нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Гаднаас орж ирсэн мөнгийг бид үр ашигтай зарцуулах ёстой. Энэ үүднээс ч бид хяналт тавих үүрэгтэй.
ТАМ БОЛГОЖ БОЛОХГҮЙ
-Эрх баригч намын үйл ажиллагаанд та их л сэтгэл дундуур байх шиг?
-Би орон нутагт ёстой л хар нялхаасаа гэж монголчууд ярьдаг, тэр үеэс эхлэн анхан шатны албан тушаалаас нь Засаг дарга хүртэл хийж явлаа. Надад ажлын тодорхой туршлага байгаа. Тухайн үед алдаж оносон нь бий л байх. Тиймээс ч бусдын алдааг чичлэхдээ бус эрх баригчид өөрсдөдөө дүгнэлт хийгээсэй гэж хүсч явдаг. Ингэх нь бидэнд биш ард түмэнд тустай шүү дээ. Эцсийн дүнд улстөрийн хүчнүүд иргэдийнхээ төлөө зүтгэнэ. Эх орноо диваажин болгоно гэсэн зорилготой орж ирсэн хүмүүс. Там болгочихоод яваад өгч болохгүй. Би хувьдаа АН-ыг их гоё үед засаг барилаа гэсэн цагаан атаархалтай байдаг. Ирэх жилүүдэд нааштай өөрчлөлт гарна гэж итгэсэн. Алдаж онож үзсэн хүмүүс учраас сайн ажиллах байх гэж бодсон. Эрх баригчдад парламентаа бүрдүүлснээс эхлээд сэтгэл туйлын дундуур яваа. Арай ч ийм хэмжээнд ажиллана. Улстөрд, нийгэмд ингэж хандана гэж бодоогүй. Бид цөөхөн хүн амтай. Бүхнийг өшөө хорслын харцаар харж болохгүй. Их аядуу зөв бодлогоор явж байж цөөхөн ард түмний амьдралыг дээшлүүлнэ. Иргэд ч өнгөрсөн оны сонгуулиас хойш дарамттай байна. Ардчилал, хүний эрх яриад дураараа дургиж болохгүй.
-Та хэдэн байнгын хороонд харьяалагдаж байна?
-Ганц.
-Нэмэх гээд үзэж тараад байна уу?
-Бүлгийн хэд маань Үндсэн хуулийн цэцэд хандсан чинь үндсэндээ хохино гэсэн хариу өгсөн байна лээ. Би Б.Гарамгайбаатар гишүүнд таны нэр гурван байнгын хороонд байна. Аюулгүй байдлын байнгын хорооноос нэрээ татаад оронд нь намайг оруулаач гэсэн нөхөрсөг санал тавьсан. Өө тэгье гэсэн хэрнээ нэрээ татах өргөдлөө өгдөггүй л юм билээ. Ер нь нэг хүн олон байнгын хороонд ажиллахад бие физиологийн хувьд ч хүнд. Би өмнө нь Засгийн газар, УИХ-ын гишүүнийг давхар хийж байсан. Маш их ачаалал ирдэг.Нэг өрөөнд ч тогтож сууж чадахгүй. Энэ тэнд үсчсээр байгаад таардаг. Нэг гишүүн гурваас доошгүй байнгын хороонд ажиллана, дээрээс нь хорооны дарга, гишүүний ажлаа хийнэ гээд тэлээ хурга шиг ийш тийш гүйж байна шүү дээ. Ер нь бол төрийн ажил цалгардаад дуусах юм билээ.
ГАНЦ ГИШҮҮН ШҮҮ ДЭЭ
-Та Их хуралд ажиллаж байхдаа үүнийг л нэг хийнэ дээ гэсэн ямар зорилго байна?
-Би тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлыг цэгцлэх юмсан гэж боддог. Харин салбарын сайд энэ талд сайн ажиллаж байна. Хүний хийснийг бас үгүйсгэж болохгүй л дээ. Түүнээс гадна Монгол орны засаг захиргааны нэгжийг өөрчлөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. ДарханУул аймаг гэхэд Сэлэнгийн нэг сумын нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний газар нутагтай. Сэлэнгийн хүн амын 70 орчим хувь нь Дарханд ойрхон мөртлөө Сэлэнгийн төв орж асуудлаа шийдвэрлэдэг. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн замбараагүй бүтэц орон нутгийн хөгжлийн тушаа болж байна. Энэ төрлийн бүтэц зохион байгуулалтын том ажлыг төр бие даан шийдэх хэрэгтэй. Бүх ажлыг иргэдээс асуувал явахгүй. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэж бид их ярьдаг. Үндсэн хуульд тогтоосон зарчмаасаа эсрэгээрээ яваад байна. Доороосоо хэлэлцэх ёстой юм дээрээсээ явдаг жишиг тогтлоо. Гишүүд төсөв хэлэлцэх үед суманд сургууль цэцэрлэг, халуун усны газар барина гэсэн хачин юм ярьдаг. Үүнийгээ больчихмоор байна. Аймаг орон нутагт эрх мэдлийг нь олгох хэрэгтэй. Ингэхгүй бол гишүүд хийсэн ажлаа сурталчлах гээд уралддаг боллоо. Би энийг ч төсөвт суулгуулсан, тэрийг ч бариулсан гэж орон нутагт очоод ярьдаг.
-Орон нутагт эрх мэдэл өгчихвөл бүр буруу тийшээ явчих гээд байдаг юм биш үү?
-Орон нутгийн эрх мэдэл нэлээд хумигдлаа. Намайг Засаг дарга хийж байхад хэлтэс, агентлагийн даргыг аймгийн удирдлага тавьдаг байсан. Одоо эргээд дээрээс томилдог тогтолцоондоо орлоо. Цогцолбор сургуулийн захир лыг ч хүртэл яам томилж байна. Ерөнхийлөгч эрх мэдлийг орон нутагт өг гэж хэлдэг. Харин манайхан эсрэгээрээ булааж аваад байна. Бид төсвийг аймагт өгчихвөл бантан хутгачихна гэж айдаг. Энд л хэдэн ухаантай хүн суучихсан, орон нутагт болохоор тийм хүн байхгүй юм шиг ханддаг. Ингэхээр аймгийн удирдлагууд яаж чадавхжих юм.Орон нутаг хөгжихгүй шүү дээ. Нэг хэсэгтээ алдана л биз дээ. Зарим хүн эрх мэдлийг орон нутагт шилжүүлбэл холбооны улс шиг болчихно гэдэг. Цалин тэтгэвэр зэрэг том бодлогыг төр зангидаад үлдсэнийг нь шилжүүлчихэд болно шүү дээ.
-Төр иргэдээс бүхнийг асуух хэрэггүй гэж та хэлнэ лээ. Жишээ нь, өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх үү, зогсоох уу гэдгийг нийслэлийн удирдлагууд иргэдээс асууж байна л даа. Та энэ санал асуулгад оролцох уу?
-Ирвэл оролцоно. Харин яаж авах юм бол.
-Мобикомын дугаартай бол та оролцож болох юм билээ. Утсаар санал авна гэсэн. Та энэ шийдвэрийг дэмжих үү?
-Дугаарын хязгаарлалтыг зогсоохыг дэмжинэ.
-Түгжрээд яваад байх дуртай байгаа юм уу?
-Дугаарын хязгаарлалтыг анх дэмжиж байсан. Эхэндээ сайн хэрэгжиж байсан байх. Харин одоо нэлээд олон хувь нь хоёр дугаартай болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Хязгаарлалт хийсэн нэр зүүж байснаас түүнийг зогсоогоод үнэн дүр төрхөөрөө явж байсан нь дээр байлгүй дээ.
-Төрийн их ажлын хажуугаар чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Би баасан гаригийн орой болгон Дархан руугаа явчихдаг юм. Манай гэр бүлийнхэн маань тэнд ажил лаж, амьдардаг. Их хуралд орон нутгийн гэрийн хаягаараа бүртгэлтэй ганц хүн нь би. Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, хоёрдугаар хорооллын иргэн. Дарханы 9937 гэсэн дугаараа ч одоо болтол барьж байгаа. Чөлөөт цагаараа бүтээлч, яриа хүмүүстэй уулзах дуртай. Санаа нийлсэн ажил хэрэг ярих их сайхан байдаг.Энэ Их хуралд бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс олон бий. Бизнесийн салбараас орж ирсэн гишүүдийг харахаар ингэж хөдөлмөрлөж байж амжилтад хүрдэг юм байна гэж мэдэрч их бахархаж явдаг олон хүн бий.
-Та ажил, амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Анх Дархан-Уул аймгийн тамгын газарт Хэлтсийн дарга байхдаа Засаг дарга болно гэсэн зорилго тавиад дэвтэртээ биччихсэн байсан. Тэр дэвтэр одоо надад хадгалаастай бий. Тэнд юу бичсэн гэхээр Засаг дарга болоод ийм ажил хийнэ гээд 10 ажил жагсаагаад биччихсэн. Тэгээд Засаг дарга болоод хийсэн анхны ажил маань хур хог цэвэрлэх байсан. Аймагт хуримтлагдсан 10 гаруй жилийн хур хогийг цэвэрлэсэн. Дараа нь жагсаасан 10 ажлаа бүгдийг биелүүлсэн л дээ. Харин Их хуралд арай том зорилготой орж ирсэн. Би Их хуралд санасандаа хүртэл сайн ажилласан гэж иргэддээ худлаа ярихгүй. Өнгөрсөн дөрвөн жил гэрлийн хурдаар өнгөрсөн. Эхний жилд мананд байгаа юм шиг байсан. Дараагийн хэдэн жил гайгүй суралцсан. Харин энэ жилээс парламентын гишүүний хэмжээнд хүрч байна л гэж өөрийгөө дүгнэж байгаа. Хүн насан туршдаа суралцаж байдаг гэдэг дээ. Тэр утгаар нь аваад үзвэл би одоо ч суралцсаар, өөрийгөө юм мэдэхгүй гэж хэлүүлэх вий гэж нэрэлхэлгүй бусдаас юм сонссоор явна даа.
-Та аль нутгийн хүн билээ. Нутагтаа их очиж байна уу?
-Би Завхан аймгийн хүн. Манай хоёр буурал нутагтаа аж төрдөг. Би 12 дүүтэй. Зургаа, долоо нь малчин. Гурав нь хувийн бизнес эрхэлдэг. Хүний ах юм хойно тэдэндээ зааж зөвлөхөөс эхлээд ажил мундахгүй. Олон дүүгийн ах байна гэдэг бас л нервтэй ажил. Бүх дүү нар маань сайн сайхан юм хэлж орж ирэхгүй. Ажилтай төрөлтэй сайн яваагаа түшдэг нь монголчуудын сайхан уламжлал юм даа. Дүү нартаа овоож оцойтол тусалж чадахгүй ч санаа сэтгэл хамт л байдаг. Одоо ч хүүхдүүд маань том болоод дүү нартайгаа ноцолдох цаг зав багасч байна. Залуусыг зөв бодолтой, хүмүүжилтэй байж сайхан амьдраасай гэж бодож явдаг даа.
-Баярлалаа, амжилт хүсье.
Холбоотой мэдээ