-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан. Гэвч шийдвэртэй алхам хийсэнгүй. Түүнчлэн сөрөг хүчин л эдийн засаг хүндэрлээ гээд байгаа болохоос эрх баригчдын зүгээс хэвийн байгаа гэдэг тайлбар өгөөд байна. Эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид өнөөгийн эдийн засгийн байдал хүндрээд байгаа юм биш үү, тал талаасаа ярилцаж үзээд болзошгүй хямрал байна уу хүндрэл байна уу аль нь ч байсан учирч болох хохирлыг бага зардлаар давж гарах арга замыг хайя гэдэг утгаар нь ээлжилт бус чуулганыг хуралдуулж төсвийн тодотгол хийх асуудал болон эдийн засгийнхаа нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч одоогийн үүссэн таагүй нөхцлөөс яаж гарах асуудал хэлэлцэхийг л шаардсан.
Харамсалтай нь эрх баригчид ээлжит бус чуулганаар оруулж ирсэн таван төрлийн хуулийн төслөө үүсч болох хүндэрлийг багасгах боломжтой гэсэн тооцоо гаргасан бололтой. Гэтэл хэлэлцээд, баталж чадсангүй. Уг нь эдийн засаг хүндэрсэн нь нэгэнт хүн бүрт мэдрэгдэж байгаа энэ үед бид маргаж суух нь зохистой үзэгдэл биш юм. Хүндэрсэн хүндрээгүй хэрэлдэх хэлэлцэх хоёрын хооронд улстөржиж байх хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ өсч, ард түмэнд мэдрэгдэж, ачаа болж эхэлчихээд байна. Энэ нь эдийн засгийн хүндрэл эхэлж буйн дохио. Тиймээс эрх баригчид жаахан ухаантай хандаж, зөв зүйтэй талаас нь ярьж, хэлэлцэн гарах гарцаа тодорхойлж чадвал хохирлын хэмжээ арай зөөлөн тусна гэж бодож байна.
-Тэгвэл ээлжит бусаар хэлэлцсэн хуулийн төслүүдийг хойш нь тавиад төсвийн тодотгол хийсэн бол арай үр дүнтэй байх байсан уу?
-Хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль дээр намуудын бүлгээс гарсан ажлын хэсэг маш сайн ажилласан. Засгийн газраас оруулж ирсэн хууль нэлээд чамбайрсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл парламент дахь улстөрийн хүчнүүд хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд татварын орчинг тогтвортой байлгахад анхаарахгүй бол болохгүй нь гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн нь том амжилт гэж бодож байна.
Бид төсвийн тооцоогоо хийгээч ээ, төсвийн алдагдал чинь 1.5 их наяд хүрлээ. Одоо 1.8 их наяд боллоо гэдгийг хэлсэн. Эрх баригчид эдийн засаг хямраагүй, төсөв тодотгох шаардлагагүй л гээд байсан. Гэвч бодит амьдрал дээр үнэнд гүйцэгдлээ шүү дээ. Тиймээс Ерөнхий сайд төсвийн тодотгол хийе гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ үед нь бид Засгийн газар эсвэл эрх баригчдыг элдэв янзаар гоочлоод байх шаардлага алга.
Хамтарч ажиллаж одоо үүсээд байгаа хүнд нөхцлөөс яаж гарах вэ гэдгээ нягт нямбай хэлэлцэж улс үндэсний эрх ашгаа бодох юу юунаас чухал байна шүү дээ.
-Яагаад, тэдний буруугаас өнөөгийн нөхцөл байдал үүсчихсэн юм биш үү?
-Өнгөрсөн жил төсөв батлах үед дэндүү замбараагүй юм болсон шүү дээ. Аливаа асуудлыг ердөө л хүч түрж шийдэж, баталж байсан. Одоо ч гэсэн ялгаагүй манай намын гишүүд нэг, нэг л байнгын хороонд харьяалагддаг. Тэгэхээр одоо ийм байдал үргэлжлээд байвал тодорхой үр дүн гарна гэж хэлж чадахгүй л дээ. Зөвшилцлийн ардчилалыг илүүд үзнэ байх гэж найдаж байна, АН- хан даа.
Өнгөрсөн онд төсөв батлахдаа бодит байдалдаа тулгуурлахгүй, цөөнхийн шүүмжлэлийг хүлээж авахгүй, ялсан намын хөөрсөн сэтгэлгээгээр бүх зүйлийг болно, бүтнэ, бүгдийг өөрчилнө гэдэг том давалгаагаар хандсан. Тиймдээ ч хэт хөөсөрсөн, үндэслэл муутай төсөв баталсаны гор нь өнөөдөр гарч байна шүү дээ.
Тэгэхээр одоо цаашид улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн асуудалд улстөржих шаардлагагүй гэж бодож байна. Яг л бодит амьдралаас харж, үзэж байгаад зөвшилцөн, ажлын хэсгүүд гаргаж ажиллуулах замаар явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шүүмжилж, амыг нь асуух байдлаар бид ч сөрөг хүчний байр сууринаас хандамгүй байна. Бодит байдал олон түмэнд нэгэнт ойлгомжтой болсон тохиолдолд бид эв эеээ олох нь чухал. Түүнчлэн ирэх оны төсвийг хэлэлцэхдээ алдаа дутагдлаа засаж сайжруулах ёстой. Олон улсын байгууллагынхан бол бондын хөрөнгө, хөгжлийн банкны хөрөнгийг төсөвтөө оруулж тогтвортой байдлынхаа хуульд нийцүүл гэдэг шаардлага тавьж байгаа.
Гэтэл эрх баригчид “Та нар тэгж явсан. Бид ч ингэж явах ёстой” гэдэг өнцгөөс хандсан. Уг нь бид тэгэлгүйгээр он дуустал алдсан алдаагаа засаад, хамтраад ажиллая, бүх асуудлыг хууль дүрэмд нийцүүлж, төсвөө барих барьцтай, буцах эзэнтэй “баараггүй” болгохоо зорилго болгох л хэрэгтэй байна.
-Гэхдээ УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэсэн шүү дээ. Эсвэл УИХ-аас Засгийн газраа хянаж чадахаа байсны илэрхийлэл үү?
-Ц.Даваасүрэн дарга ямар судалгаанд үндэслэж тэгж хэлснийг мэдэхгүй. Магадгүй тухайн үед төсвийн тодотгол хийх шаардлагад хүрээгүй байсан байж болох юм. Хяналтаа олонх хийдэг болох л гээд байна уу даа. Олонхын хяналт байдаг ч сөрөг хүчнээ сонсож алдаа оноондоо дүгнэлт хийж ажиллахыг олон нийт хүлээж байгаа гэдэгт бол эргэлзэхгүй л байна.
-Намууд хэлэлцэж байгаад төсвийн тодотгол хийдэг юм байж. Гэхдээ шатахууны үнэ өснө гэдэг чинь цаашид бусад бараа бүтээгдэхүүний ханш бас л нэмэгдэнэ гэсэн үг. Ард түмний нуруун дээрх ачааг улстөрийн намуудын үл ойлголцол улам бүр нэмэгдүүлээд байгаа юм биш үү?
-Сөрөг хүчний зүгээс манай намын бүлэг үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдалдаа бодитой зөв дүгнэлт хийж шуурхай арга хэмжээ авахгүй, валютын ханшаа тогтворжуулах тал дээр анхаарахгүй бол эцсийн дүндээ ачааг нь парламентад суугаа 76 биш ард түмэн үүрнэ гэдгийг л байнга сануулж байгаа.
Хэдхэн хоногийн өмнө Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр эрх баригчид “Он дуустал оруулж ирэх нефтийнхээ хөрөнгийг импортлогч компаниудад нь зээлчихсэн учраас нөөц сайтай байгаа. Үнэ нь ч нэмэгдэхгүй” гэж байсан. Гэтэл ярианых нь цуурай нөгөө хананд хүрээгүй шахам байхад л шатахууны үнэ өсчихлөө.
Зөвхөн үнэ тогтворжуулах хөтөлбөрт зориулж Монголбанкнаас 2.9 их наяд төгрөг гаргасан. Үүний цаад талын баталгаа, зорилго нь юу байсан юм гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл эдийн засаг руугаа бэлэн мөнгө үйлдвэрлээд оруулчихав уу, үүнийхээ баталгааг бий болгохын тулд валютын ханшийн зохиомол хөөрөгдөл үүсгэчихэв үү гэдэг хардлага бий болсон. Тэгэхээр үнэ тогтворжуулах нэрийн дор ямар компаниудыг дэмжээд ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг нь гайхаж л байна. Хамгийн гол нь үр дүн чухал.
-Үндэсний статисткийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй гэдэг. Гэтэл өнөөдөр амьдрал дээр энэ нь эсрэгээрээ байгаа. Өөрөөр хэлбэл Үндэсний статисткийн газар Засгийн газрын бамбай маягаар ажиллаад байна уу?
-Бид ердөө л муур, хулгана болж тоглон, ард түмний тархийг угаадгаа болих хэрэгтэй. Манай улс дотоодынхоо хэрэглээний 75-80 хувийг гадаадаас хангадаг. Гэтэл гадаад валютын ханш огцом өсчихөөд байхад “би бурааныхаа үнийг нэмэхгүй ээ” гээд сууж байх бизнес эрхлэгч гэж байх уу.
Ингээд бодохоор үнэ ханш өсөхөд үндэсний статисткийн газар, өөр бусад судалгааны газрууд үнэн бодитой дүгнэлт гаргаж, ард түмэндээ мэдээлэх хэрэгтэй. Ер нь энэ асуудал байнга л шүүмжлэл дагуулдаг байсан. Ялгаагүй манай намыг эрх барьж байхад “статистикийн газар буруу тооцоо гаргалаа” гэдэг шүүмжлэл байнга л гардаг байсан шүү дээ. Тэгэхэд өнөөгийн эрх баригчид одоо үг дуугарч чадахгүй байна. Тэгэхээр миний, чиний намын үед энэ тэр гэж талцаж толхилцож байхын оронд аливаа асуудалд бодитой хандах шаардлага байна.
Өмнө нь манай улсад Эдийн засгийн судалгааны хүрээлэн тухайн үедээ ажиллаж байсан. Тэгэхэд өнөөдөр яг бодитой тооцоо хийдэг төрийн хүчтэй механизм байхгүй болчихсон болохоор эдийн засаг хүндэрсэн үү, санхүүгийн хямрал уу гээд олон зүйлд нэгдсэн ойлголт өгчих газар алга. Тиймээс л ам амандаа маргаж, улстөржсөн өнгө аяс гаргаад байна.
Харин сая болж өнгөрсөн УИХ-ын ээлжит бус чуулганаар улстөрийн хоёр намын хооронд цаашдаа тодорхой түвшинд зөвшилцөл хийж зөв явахгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгосон байх. Үүнийг тодорхой хэмжээнд үр дүнтэй ажил боллоо гэж бодож байгаа шүү.
-Ээлжит бус чуулганаас өмнө УИХ-ын даргын зөвлөл хуралдсан. Тэр үеэс хойш МАН, АН-ын гишүүд “намууд зөвшилцөж, ойлгохоор болсон” гэдэг үгийг байнга шахам хэлэх болсон. Энэ нь үндсэндээ Засгийн газрыг нь оролдохгүй байх, нөгөө талдаа МАН-ын гишүүдийг барьж, хорихгүй байх гэсэн тохироо байв уу. Их л наалинхай хүмүүс болчихсон байна?
-Тийм асуудал байхгүй. Бүх асуудалд хуулийн дагуу л хандаж байгаа.
-Түрүүн таны хэлж буй хүрээлэн гэдэг нь одоогийн Эдийн засгийн хөгжлийн яам юм биш үү?
-Гол том судас нь Эдийн засгийн хөгжлийн яам. Бусад хөгжингүй болон хөгжсөн орнуудад улс орныхоо болоод олон хэмжээнд эдийн засгийн бодитой судалгаа дүгнэлт гаргадаг хүчтэй хараат бус бүтцүүд бий болж байж зөв явдаг юм байна гэж ойлгож байгаа. Эдийн засгийн яам энэ үүргээ биелүүлж чадахгүй байна. Бодлого, боловсон хүчин гээд олон л юм нөлөөлж байх шиг байна.
Өнөөдөр Эдийн засгийн яаманд эрх баригчид байгаа учир өөрсдийнхөө явуулж буй ажлыг болж байна хийж байна л гэж тайлбарлана шүү дээ. Бид сөрөг талаас нь яриад эхлэхээр эцэс төгсгөлгүй улстөржсөн маргаан л үүснэ. Улс орноо хөгжүүлэх бодлогоо ингэж авч явна гэж байхгүй л болов уу. Тийм учраас ямар ч улс төрөөс ангид байж чадах хүчтэй чадварлаг хүмүүсээс бүрдсэн эдийн засаг, зах зээлийн болон дэлхийн хөгжлийн чиг хандлагыг судалдаг бүтэц дутагдаад байна уу гэсэн бодолтой явдаг.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
2013.10.03