-Байгаа оноогүй ээлжит бус чуулганы хуралдаанаас ямар ч үр дүн хүлээх хэрэггүй бололтой. Эдийн засаг хүндэрлээ гэх мөртлөө энэ асуудлаа огтхон ч хөндөхгүй байгаа шалтгааныг та хэрхэн харж байна вэ?
-Зарим талаасаа нэг хэсэг хүмүүс эдийн засгийн хямрал гэж ярих юм. Нөгөө хэсэг нь хямрал биш л гэж байгаа. Хямрал мөн, биш алин ч байлаа гэсэн нийгмийн амьдралд өнөөгийн байгаа эдийн засаг маш хүндээр тусч байгаа учраас энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулах ёстой гэх үүднээс ээлжит бус чуулган хуралдсан юм. Цаашид яах вэ гэдэг арга замаа тодорхойлж, эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийх ёстой гэдэг зарчим баримталж явах байлаа. Харамсалтай нь хаа хамаагүй таван хуулийн төсөл оруулж ирсэн. Хоёр нь цаашаа хэлэлцэгдэх юм шиг байна. Үлдсэн гурав нь хэлэлцэх ямар ч боломж алга. Энэ хуулиуд чухал байж болох ч өнөөгийн эдийн засгийн асуудлыг эхлээд бид хэлэлцэх учиртай. Эдгээр хуулийг баталчихлаа гээд эдийн засаг сайжирчихна гэж ойлгож байгаа бол өрөөсгөл ойлголт. Тэгэхээр энэ нь юу хэлээд байна вэ гэхээр, тухайлсан бодлого хаана байна вэ гэдгийг асууж байгаа хэрэг. Улс орноо зөв авч явах эдийн засгийн бодлого ярих гээд байна уу, эсвэл популизм маягаар хандах гээд байна уу гэдгийг иргэд маш сайн ойлгож байгаа. Ээлжит бус чуулган байгаа сайн оносонгүй гэж л дүгнэлээ.
-Засгийн газрын сайдууд хатуу байр суурьтай зогсох бололтой. Гэхдээ Эдийн засгийн байнгын хорооны хурлаар эдийн засаг тавгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө. Цаашид ямар байдлаар ярилцах гэж байна?
-Санхүү нь хямраад байна уу, эсвэл сайхан байна уу гэдгээ ялгаж салгамаар байна. Бодит амьдрал дээр бүх зүйл хямарчихлаа гэдгийг энд сууж байгаа чи бид хоёр ч мэдчихлээ. Барилга бариад л үнэ тогтворжуулна гэсэн хаана байна. Валютын ханш 200-300 төгрөгөөр нэмэгдчихлээ. 75 хувь нь импортоор хэрэгцээгээ хангадаг улс орны гол гүйлгээ хийдэг валют нь өсчихөөд байхад үнэ хэвээрээ байна гэдэг онолыг би анх удаа олонхийн бүлгээс дууллаа. Их л эрдэмтэй чадвартай, гадаад дотоодод боловсрол эзэмшчихсэн энэ хүмүүс мундаг юм байлгүй дээ. Бид Монголбанкны мэдээллийг чуулган дээр авах гээд чадахгүй сууж байна. Монголбанкнаас бүгдийг нь асуумаар байна. Үнэ тогтворжуулах асуудал юу болсон, найман хувийн хүүтэй зээл ямар шатанд байгаа, валют яагаад өссөн, эдийн засгийн гэхээсээ илүү санхүүгийн хямрал яагаад яваад байгааг УИХ дээр асуух ёстой. Нууцын зэрэглэлтэй бол нууцаар ярилцъя. Улс эх орныхоо гэдэс дотор нь юу болж байгааг эхлээд хэлэлцээд дараа нь зөвшилцмөөр байна. Далд байж байтал гэнэтхэн бүх зүйл хөндөгдөөд эхэлвэл яах юм. Мэдээж хариуцлага тооцно, ажлаас нь чөлөөлнө гэх байх. Эцэст нь гарах хохирлыг Монголын ард түмэн амсана.
-Төсөвт тодотгол хийх шаардлага байгаа эсэхийг Засгийн газар шийднэ гэж олонхи үзсэн. Тэгвэл Засгийн газрын сайдууд эдийн засаг хямраагүй гэж үзээд байгаа учраас 1.5 их наядаар дутчихсан төсөвтэй, тодотгол хийхгүйгээр цаашаа явах нь дээ?
-Төсвийн тухай хуулиар төсөвт тодотгол хийдэг хуулийн заалтыг гурван чухал зүйлээр заасан байдаг. Эрх баригчид тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж байгаа бол, төсвийн шаардлагаа хангаад явж байгаа гэж ойлгохоос өөр аргагүй. Бидний мэдэж байгаагаар бол төсвийн орлого 1.5 их наядаар тасарчихсан. Зэс, алтны үнэ унах зэргээр төсөв бүрдүүлдэг гол салбар дээр үнийн хэлбэлзэл гарчихсан байхад төсөв маань тодотгол хийхгүйгээр явна гэж тооцож байгаа бол нэг юм бодсон байлгүй дээ. Цаашлаад, сайн засаглал хариуцлагын асуудлыг их ярьдаг болсон. Эрх баригчид өмнө нь их хариуцлагагүй байсан гэж яриад байгаа юм. МАН-ынхан бүгдийг нь буруу эргүүлээд, хамаг юмыг нь 360 градус эргүүлчихсэн гэж яриад байх юм. Өнөөдөр эдийн засаг ийм хэцүү болчихоод байхад улс орныхоо эрх ашгийн төлөө Н.Алтанхуяг сайд, болон салбар хариуцсан сайдуудтай хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байгаа. Зарим сайд нарын ярьж байгаагаар бол энэ эдийн засгийг чинь Их эзэн Чингис хаан дээрээс хараад байгаа юм биш үү. Тэгээд өнөөх Чингис хаан нь харахгүй болчихоор тавгүйтээд байгаа юм гэнэ лээ. Ийм тэнэг панаалтай юм ярьж байхаар хариуцлагаа ухамсарлаад ажлаа өгөх хэрэгтэй.
-Эдийн засаг хэвийн байгаа гэдгээ олон л үндэслэлээр тайлбарлаад байх шиг байна лээ. Та бүхэн тавгүй гэж яриад байдаг. Үндэслэл нь хэр бодитой байх юм?
-Эдийн засаг яагаа ч үгүй гэж Н.Батбаяр сайд ямар үндэслэлээр тайлбарлаад байгааг би мэдэхгүй. Байнга л тэгж ярих юм. Бонд босч ирээгүй бол бид балрах байсан гээд ярьдаг. Бонд анх босч байхад Н.Батбаяр сайд юу гэж ярьж байсныг та бүхэн эргээд хараарай. Өнөөдөр ам, ажил хоёр нь яаж алд дэлэм зөрөв гэдгийг хараарай. Нэг юм хэлэхээр л Эзэн Чингис та нарыг дээрээс харж байгаа шүү гэсэн утгатай юм хэлэх юм. Тэгээд одоо Чингис хаан нь харахаа больчихсон юм гэнэ ээ. Одоо хэн харах юм бол бүү мэд.
-Н.Алтанхуяг сайд болон салбар хариуцсан сайдууд саяхан “Самуурай” гэх бонд босгохоор Япон Улсад хийх айлчлалынхаа үеэр ярьсан. Энэ бондны үр ашиг, хэрэгтэй бонд мөн байсан уу гэдэг асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Японд “Самуурай бонд” гэж сан байдаг. Тэр сангаас мөнгө босгох тухай асуудлыг өмнөх Засгийн газар буюу Сү.Батболд гишүүн Ерөнхий сайд байх үед ярьж эхэлсэн. Энэ саналыг тавьж байх үед Хөгжлийн банкны бонд дэлхийн зах зээлд босч байлаа. Тэгээд л цаашаа явсан. Өнөөдөр бонд босгоод юунд зарцуулах вэ гэдгээ тооцох ёстой. Өмнө нь бид Монгол Улсынхаа нэр хүндээр дэнчин тавиад 1.5 тэрбумыг аваад хэрэглэж байна. Одоо цаана нь 3.5 тэрбумын эрх нь байна. Гэтэл “Самуурай” бондод Японы банк баталгаа гаргаж байна шүү дээ. Тэгэхээр манай улсын өмнөөс нэг улсын том банк баталгаа гаргаж байгаа нь урагшаа явж байгаа хэлбэр үү, хойш нь ухарсан явдал уу гэдгийг сайн хэлж мэдэхгүй юм. Бонд авах гэж байгаа бол бодлого тодорхой, энэ бондыг ингэж зарцуулна гэдгээ ярих учиртай юм. Чингис бонд дээр шүүмжилж байсан юм энэ шүү дээ. Зарцуулах юм байсангүй. “Гудамж” төслөөс өөр юу байна. Яг тэрэн шиг юунд зарцуулахаа мэдэхгүй “Самуурай” бонд босгоод “Гудамж-II” гээд зарцуулчихвал баларна биз дээ.
-Шүүмжлээд л суугаад байх нэг асуудал. Үр дүнтэй ажил хийгээд байхад нь сөрөг хүчин гэх нэр зүүх гэж шүүмжлээд байж болохгүй. Тиймээс тооцоо судалгаатай, баримттай материал барьж ярих хэрэгтэй л дээ?
-Хариуцлагын тухай ярихаар урдаас авлигын тухай ярьдаг. Ардын намаар дүүрэн бөөн авлигачид байна гэдэг. Чуулган дээр бид нэг зүйлийг асууна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монголбанк ямар компаниудад хөнгөлөлттэй зээл өгсөн бэ гэдэг нь хэнд ч ил тод биш байна. Үүнийг ил тод болгох ёстой. Барилгын метр квадратын үнэ буураагүй, ямар компаниуд авсан нь ч тодорхой бус байна. Хэнд өгчихөв гэдгийг бид асууна. Гудамж төсөл гэж яриад байгаа юм. Хэрэгжиж эхлэхэд нь би шүүмжилсэн. Энийг яам хэрэгжүүлэх ёстой юм уу, хот хэрэгжүүлэх үү гэдгийг асуусан. Өнөөдөр яам нь хэрэгжүүлээд явж байна. Монголд нэг км урт, зургаан метр өргөн хар зам тавихад 850 орчим сая төгрөг зарцуулдаг. Харин ам дамжсан мэдээллээр бол “Гудамж” төслүүдэд 5-6 тэрбум төгрөг зарсан гэх мэдээлэл байгаа. Ажил хийж байна гэх нэрийг дор ингэж мөнгө зах замбараагүй урсаад байна уу гэдгийг сөрөг хүчин тооцож судлаад гаргаж тавих ёстой. Амаараа шүүмжлээд хол явахгүй. Баримтгүй ярьж болохгүй. Ингэж тооцоо судалгаа гаргаад, ийм байдлаар хийсэн гэдэг тоо баримтаа үнэнээр нь гаргаад тавьчихвал шүүмжлээд байгаа бид ам руугаа алгадуулна биз дээ. Ингэж чадахгүй байгаа юм чинь но-той л гэж сөрөг хүчин хардах ёстой. Бид хатуу шаардлага тавина. Болж бүтэж байгаа бол болохгүй байна гэж гоншигноод байхгүй.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг нэлээд чамбай ярилцаж байгаа бололтой. Тухайлбал, бүлгийн хуралдаан дээр дахин ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсох юм байна. Хэдхэн том компанийн төлөө үйлчлэхгүй, чамбай хууль болж чадах нь уу?
-Хөрөнгө оруулалтын чамбай хуультай болох талаар хаа хаанаа анхаарч байгаа нь зөв юм. Нийгэмд нэг сонин ойлголт газар аваад байна. Жоохон мөнгө хөрөнгөтэй холбоотой асуудал яригдаад эхлэхээр л хэдэн дотоодын компаниудыг үзэн ядаад эхэлдэг. Энэ бол маш буруу. Яагаад гэж асуух байх. Яагаад вэ гэвэл, Монгол Улсыг эцсийн дүндээ хэн нуруун дээрээ үүрч явааг асуувал эдгээр хувийн бизнес эрхлэгчид байна. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа иргэд болон, хэдэн том компани ачааны хүндийг үүрч яваа юм шүү дээ. Ерөөсөө л энэ хэдэн хөрөнгөтнүүд томорчих гээд байна, тэд баяжаад биднийг залгих нь гэж харааж ерөөгөөд байх юм бол улс хөгжихгүй. Нөгөө талаар, мэдээж ийм эрх ашиг орсон байна уу гэдгийг сайн судалж, хуулиа нягтлах учиртай. Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг орхигдуулсан зүйл байсныг бид ярилцаж байна. Энэ асуудлыг ажлын хэсэг ярьсан. Өөрөөр хэлбэл, хэд хүртэлх төгрөгийг жижиг дунд бизнес гэж авч үзэх вэ гэдгийг ярилцлаа. Мөн бүс нутгийн ялгавартай байх санаагаа оруулаад нэг том хуультай болчихвол манай улсад хэрэгтэй байна. Тогтвортой байдлын гэрээ гэдгээр хэн нэгэн сайд, дарга нар бизнес хийж, гадны компаниудад өгчихөөд дараа нь чи ингэж улсаа худалдсан гэдэг хэл аманд орохгүй болно. Нэгэнт хуулиа баталчихсан учраас гадна, дотныхон хуулийн дагуу материалаа бүрдүүлээд үйл ажиллагаагаа явуулна. Хууль зүйн орчныг нь сайн бүрдүүлж өгөх гэж байгаагаараа энэ хууль давуу талтай. Нарийн ширийн зүйл их байгаа. Ажлын хэсгийнхэн сайн ажиллаж байна.
-МАН-ын зүгээс Алтны ил тод байдлын тухай хууль, Урт нэртэй хуулийг дэмжихгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Харин АН-ынхан зөвшилцөөд цааш нь явуулах ёстой гэх юм. Танай нам байр сууриа хатуу хамгаалах уу?
-Урт нэртэй гэж нэрлэгддэг хууль бол байгаль, экологитой холбоотой хууль. Өмнөх, болон энэ Засгийн газар УИХ-аас гаргасан хуулийг хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотой энэ асуудлыг ярьж байна. Ер нь энэ хуулиас болж хэн хэрхэн хохирсон бэ гэдгийг тооцоо судалгаатай гаргаж байгаа. Их өндөр тоо гарсан байна лээ. Байгаль орчны нөхөн сэргээлтэд хэд орчим тэрбум төгрөг хэрэгтэй юм, нөхөн сэргээхэд хүргэсэн компаниуд ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг тал талаас нь хэлэлцэж, энэ хуулийн хэрэгжүүлэх тал руу явмаар байна. Нэг хууль гаргачихаад араас нь өөрчлөөд, буруугаа тэр нам, энэ засаг гэх мэтээр нэг нэгрүүгээ чихэж байгаа нь төрийн бодлого биш. Энэ хуулийг нарийн судлаж, тооцоо судалгааг тодорхой болгох учиртай юм. Үнэхээр зардал чирэгдэл гаргасан компанитай уулзмаар байгаа юм. Алтны ил тод байдлын тухай хуулийн талаар мэдээлэл нарийн аваагүй байна. Томилолтоор явж байгаад ирээд удаагүй учраас нарийн сайн танилцаж чадаагүй. Авсан мэдээллээр бол ашигт малтмал ашигласны татвар буюу роялтигийн татвар таван хувь байсныг 2.5 болгох юм байна. Үүнийг юу гэж ойлгож байна гэхээр Оюутолгойг чиглэсэн байгаа юм. Тогтвортой байдлын гэрээгээр бид Оюутолгойгоос роялтигийн татварыг таван хувь авна гээд хэлчихсэн. Гэтэл 2.5 болоод Оюутолгойд хөнгөлөлт үзүүлэх болоод байна. Яасан нөгөө болохоо больсон гэрээ бол Оюутолгой гэж шүүмжлээд байсан. Нэг гараараа өөр зүйл хийгээд, нөгөө гараараа нөгөөхөө үгүйсгээд байх шаардлага байхгүй. Хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах ёстой л бол хуулиа тогтвортой байлгах учиртай. Би ганцхан жишээ авлаа. Одоогийн байгаа тооцоогоор бодоод үзэхэд хоёр их наяд орчим ам.долларыг Оюутолгойгоос алдах болчихно. Энэ хуулийг эргэж зайлшгүй судлах ёстой. Ер нь тэрэн дээрээ тулвал татвараар оролдох нь зөв юм уу гэдгийг ч ярина.
-Татварын тухай хуульд ямар өөрчлөлтүүд орох гэж байна. Бас л дээр хэлсэнчлэн Оюутолгой мэтийн компаниудын эрх ашигт нийцүүлэх гээд байна уу гэх хардалт байгаа?
-Гар дээр материал нь дөнгөж ирээд гүйцэд танилцаагүй байгаа. Татварын тухай хуульд өөрчлөлт оруулна гэснээс ер нь бид ингэж татвараараа оролдоод байх нь зөв юм уу. Гадаад дотоодоор яваад судалж байхад манай татвар харьцангуй бага. Хамгийн бага татвартай орны тоонд манайх зүй ёсоор ордог. Тэгэхээр бодлого нь тодорхой биш учраас хүндрэл гараад ирдэг. Ийм хүндрэл үүсэнгүүт л татвар зэрэг том бодлого руугаа ордог. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг давхиж ороод хамаг юмаа өөрчилчихнө. Үр дүнгээ өгч амжаагүй байхад нь өөрчлөөд л асуудлыг хурцатгаж байна. Том хармаар байна.
-Нэр бүхий гишүүд Оюутолгойн нэмэлт санхүүжилтэд Засгийн газар баталгаа гаргах ёсгүй гэх мэдэгдэл хийсэн. Та дэмжиж байгаа юу?
-Оюутолгойн асуудал Засгийн газар баталгаа гаргана, гаргахгүй, гэрээ ашигтай ашиггүй гэх байдлаар маш удаан хугацаанд маргалаа. Засгийн газар өөрөө баталгаа гаргаж өглөө гэхэд манайх өөрсдөө өөрийнхөө зээлээ баталгаажуулж байна гэсэн үг. Оюутолгойн авч байгаа хөрөнгө оруулалтын 34 хувийг бид төлөх л ёстой шүү дээ. Энэ асуудал зөв үү, буруу юу гэдгээ тооцох ёстой.
Эх сурвалж: www.mminfo.mn
2013.09.25