&#34Өр 15 тэрбум ам.долларт хүрчихлээ&#34 | News.MN

&#34Өр 15 тэрбум ам.долларт хүрчихлээ&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.16-нд нийтлэгдсэн

&#34Өр 15 тэрбум ам.долларт хүрчихлээ&#34

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Ерөнхий сайд 2014 оны төсвийн төслийг УИХ-д танилцуулах үеэрээ төсвийн алдагдлыг хоёр хувьтай байхаар тусгалаа гэж хэлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Цог “Төсвөөс гадуурх зардлуудыг оруулбал ирэх оны төсвийн алдагдал 25 хувьд хүрнэ” гэх. Алдагдал яг хэдэн хувь юм бэ, маш том зөрүү гараад байна?

-Ирэх оны төсвийн төсөлд алдагдлыг хоёр хувьд барихаар оруулж ирсэн байна билээ, Засгийн газар. Гэхдээ үүнээс гадна сонин юм үүсээд байна. Нэгдүгээрт, төсөв хэлэлцэж байгаа процесс маань их сонин болчихоод байна. Учир нь Засгийн газар 2013 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлж батлуулаагүй байж ирэх оны төсвийг хэлэлцүүлээд эхэллээ. Ингэхлээр УИХ 2013 оны төсвийн хэрэгжилтийг хэрхэн хангав гэдгийг мэдэхгүйгээр шууд 2014 оны төсөв рүүгээ орж байгаа юм.

Хоёрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудын нэг нь төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлж болохгүй. Тийм болохоор Засгийн газар хөрөнгө оруулалтаа хасаад, урсгал зардлаас мөн бага зэрэг хассанаар алдагдлыг хоёр хувьд бариулсан байна билээ. Гэтэл 2013 оны төсвийн алдагдал 1.5 их наяд хүрчихсэн, гадаад худалдааны тэнцэл 2 их наяд ам.долларын алдагдал хүлээчихсэн, арилжааны банкаар дамждаг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл нь хумигдчихсан ирэх жил ажлын байраа хадгалж үлдэж чадах уу, үгүй юу гэдэгтээ тулчихсан байхад хөрөнгө оруулалтыг багасгах нь маш буруу, тун хариуцлагагүй явдал. Тэр тусмаа Засгийн газар захиргааны зардлаа багасгах тухай, тэр данхайчихсан том бүтцээ багасгах тухай огтхон ч бодохгүй, бас ярихгүй байна. Ярьж байгаа асуудал нь төсвийн хөрөнгө оруулалтаар барьдаг барилга байшингийн зардал жил ирэх тусам өсдөг тухай. Гэтэл энэ нь өсөлт үнийн өсөлттэй холбоотой юм шүү дээ.

-Төрийн албаныхны орон тоог ирэх онд хэдээр өсгөх гээд байгаа юм бэ?

-3200-гаар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн, жил бүр нэмж оруулж ирдэг. Данхгар бүтцийнх нь хэмжээгээр ажил урагшилдаг, төрийн албаныхан иргэдэд хүнд сурталгүй үйлчилдэг болж байгаа бол яах вэ?. Гэтэл чадахгүй байна шүү дээ. Дээр нь энэ жил хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг харахаар дөнгөж 50-60 хувьтай байна. Яагаад ажлын гүйцэтгэл ийм муу байна вэ гэхээр яам, тамгын газрынхны ажлын хариуцлагагүйгээс болсон байх жишээтэй. Тендэрээс эхлүүлээд бусад бүх ажлаа цаг хугацаандаа зарлаж зохион байгуулж чадаагүйгээс болсон байгаа юм. Ийм байхад Монгол Улсын эдийн засаг өсөх үү, өсөхгүй шүү дээ.

Мөн ирэх оны төсөвт ам.долларыг дундаж төвшингөөрөө 1384 гэж авсан байгаа юм, их сонин. Ам.долларын монгол төгрөгтэй харьцах ханш өнөөдөр 1700 гарчихаад байхад шүү. Үнэндээ бол ирэх оны төсвийн төсөл үндэслэл муутай, хам хум базаад оруулаад ирсэн төсөл л гэж харагдаж байгаа.

-Таны хувийн хардлага байлгүй дээ. Хэлэлцүүлгийн шатанд засаад явахад болох байлгүй?

-Нэг л жишээ татъя. УИХ-аар 2014 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд “1 км замын өртгийг ирэх онд хэдэн төгрөгөөр үнэлсэн бэ” гэж асуухаар Зам тээврийн сайд “Ноднин жил 1 км авто замын өртгийг 510 сая төгрөгөөр тооцож байсан. Ирэх жилийнхийг одоо бид тооцож байна” гэж хариулж байгаа юм. Төсвөө өргөн барьчихсан хойноо тооцоо хийхдээ яах вэ дээ. Ирэх жил ам.долларын ханш өсч 1 км замын өртөг 800 сая төгрөг, тэр байтугай 1 тэрбум болбол яах вэ. Үнийн өсөлт гарвал зам барих компани олдохгүй шүү дээ. Ийм бэрхшээл гарна шүү гэж хэлэхээр Ерөнхий сайдаас эхлүүлээд Эдийн засгийн хөгжлийн сайд урдаас загнаад үг авахгүй байна. Нэг их том нөхдүүд. Эцсийн дүндээ зөв тооцоо хийхгүй бол Монгол Улс дампуурна гэдгийг тэд үнэндээ бодож байгаа ч юм алга шив дээ. 

-Ирэх онд гадаад өр ДНБ-ний 60 хувьтай тэнцэж болзошгүй тухай их яригдах боллоо. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд дээд талынх нь босгыг хэд гэж заасан байдаг юм бэ?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар 2014 онд гадаад өрийн ДНБ-ний эзлэх хувь 40 хувьд байх ёстой. Гэтэл өргөн барьсан төсөлд гадаад өрийг ДНБ-ний 60 хувьд хүргэхээр оруулж ирсэн. Уг нь өнгөрсөн парламентаар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулийг батлахад УИХ-ын гишүүд “Эдийн засгаа, төсвөө зөв авч явах хамгийн том суурь хууль болж чадлаа” гэж хүлээн зөвшөөрөөд, олон улсын байгууллагын зүгээс дээрх хуулиудыг “Маш чамбай хууль боллоо” гэж үнэлсэн. Тэгээд ч энэ хуулийг өөрчлөх бол УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроор өөрчлөлт оруулж байхаар өндөр босго тавьсан.

Гэтэл Шинэчлэлийн Засгийн газрынхан нэг жил Засаг барингуутаа Монгол Улсын гадаад өрийн хэмжээг шууд 20 хувиар нэмээд 60 хувьд хүргэхээр оруулж ирж байгаа нь хууль зөрчсөн хэрэг л дээ.

-Хуульдаа нийцүүлье гэж хэлж болдоггүй юм уу. Намын бүлгүүдээс ажлын хэсэг гараад хамтраад хэлэлцэхээр асуудлыг шийддэг шүү дээ?

-Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганд оролцох үед нь хэлсэн, ямар хариулт өгсөн гэхээр  “Яахав өр өсч л байг, ажлаа хийж л байя. Болдог юм болдгоороо болно” гэсэн. Гэтэл энэ улс чинь хуультай юм шүү дээ. Ер нь тэгээд Ерөнхий сайдын ирэх оны төсөв хэлэлцүүлж байгаа байр байдлыг нь харах юм бол загнаад л , үнэн зөв мэдээллийг ард түмэнд өгөх бололцоог олгохгүй байна.

УИХ-аар жил бүр төсвийн төсөл хэлэлцэгдэж эхлэхэд Монгол Улсын иргэд, монгол улсын ажил хэрэгч хүмүүс ирэх онд ямархуу хэмжээний санхүү эдийн засгийн төлөв байдалтай явах гэж байна вэ, гадаад худалдаанд ямар өөрчлөлт гарах вэ, хөрөнгө оруулалт хэдий хэмжээгээр хийгдэх вэ, ажил төрлөө яаж зохицуулах вэ гэдгийг төсвийн төслийг харж ажил төрлөө төлөвлөдөг болоод удаж байгаа. Гэтэл Ерөнхий сайд сая загнаад зандраад олигтой танилцуулга хийхгүй болохоор зөв мэдээлэл гарахгүй байна. Ямарсайндаа л УИХ-ын дэд дарга Л.Цог нарын хэд, хэдэн гишүүн “Ерөнхий сайд та УИХ -аа хэтэрхий басамжлаад байна” гэж хэлэх вэ дээ.

-Ерөнхий сайд үнэнийг хэлээд та бүхэн хэтэрхий хүндээр тусгаж аваад байгаа юм биш үү?

-Үнэнийг хэлж байгаа бол бид хүлээж авна. Гэтэл тэмээ гэхээр ямаа гэж байгаа юм шиг аашилж байна шүү дээ. Жишээ нь Чингис бондоор дамжиж байгаа хөрөнгө, Хөгжлийн банкаар дамжиж байгаа хөрөнгө, “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг аваад үзвэл үндсэндээ манай улсын төсөвтэй тэнцэх хэмжээний 6-7 их наяд төгрөг болно. Өнгөрсөн хугацаанд энэ их хэмжээний мөнгө ямар нэг хууль дүрэмгүйгээр төсвөөс гадуур зарцуулагдсан. Тэгээд бид “Энэ бүхэн өр шүү, хуулийн хүрээнд зарцуулалтыг нь хянаад явъя” гэж хэлэхээр Н.Алтанхуяг сайд “Зарим нь өр гэж харна, зарим нь хөрөнгө оруулалт гэж харна, зарим нь мөнгө үржүүлэг гэж харна. Аль ч утгаар нь харж болно, дураараа болцгоо” гэж хэлж байгаа байхгүй юу.

Гадаадын зах зээл дээрээс 1.5 тэрбум ам.доллар босгож ирчихээд түүнийгээ бид буцаан төлөх олон улсын гэрээ хэлэлцээр хийчихээд өр гэнэ үү, хөрөнгө оруулалт гэнэ үү өөрсдөө мэд гэж болохгүй шүү дээ. Үүнийг гадаадаас оруулж ирснийг би буруу гэж үзэхгүй, ажил хийж байгааг нь буруу гээгүй. Гацгхүү бид хууль дүрэмтэй болгоё, төсөвтөө оруулах ёстой бол оруулъя, оруулах ёсгүй бол УИХ-аар баталдаг болъё гэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Цаад санаа нь ингэж зах замбараагүй төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө цаад талд нь төсвөөс гадуур эргэлдэж байгаа учраас УИХ төсвийг яаж л баталбал батлаг, дураараа болог гэдэг хандлагаар хандаад байна гэж хардахад хүргэж байгаа. Гэхдээ энэ бүх хариуцлагагүй үйл ажиллагааны ар талд Монголын ард түмнийг их өрийн дарамт хүлээж байна, суурь нь тавигдчихлаа шүү дээ.

-Арай энэ хэмжээнд хүрээгүй  байлгүй дээ. 2014 оны төсвөө хуулийн хүрээнд баталчихвал?

-Өрийн дарамт үүсчихсэн. Монгол Улсын нийт өр 15 тэрбум ам.долларт хүрчихлээ. Нэг хүн 5 саяын өртэй боллоо гээд хэвлэлүүдэд бичээд л байна. Харин Ерөнхий сайд маань “Болно оо, зээл авч л байдаг юм, төлдөг л юм” гэсэн хандлагаар хандаж байна. 

-Өнгөрсөн жил гадаад зах зээлээс “Чингис бонд”-ыг “босгоогүй бол өнөө жил хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэх байсан уу, үгүй юу. Дээр нь үүсч болзошгүй санхүүгийн хүндрэлийг урьдчилж шийдсэн гээд бас ч гэж нааштай эерэг үзүүлэлтүүд гарсан юм биш үү?

-Зээл авч болно, гол нь зориулалтаа бодох ёстой. Наад зах нь энэ мөнгийг юу хийхээр авах вэ, юунд зарцуулах вэ, ямар үр дүн дагуулах вэ гэдгийг бодолцох ёстой. Дээр нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжүүлсэн Монголбанкны “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг би хувьдаа маш буруу юм боллоо гэж шүүмжилж чадахгүй. Эдийн засгийн хүндрэлтэй үед гарах байсан эрсдлийг багасгасан. Гагцхүү нөгөө талд нь хэрэгжилтийг зохион байгуулах талдаа Засгийн газар маш хариуцлагагүй ажилласан гэж хэлнэ. Өөрөөр хэлэх юм бол, төсөвт суусан хөрөнгө оруулалтынхаа дөнгөж 50 хувийг ашиглаж байгаа улсууд цаад талд нь дахиад төсөвт суусан хэмжээтэй дүйх хэмжээний мөнгийг дураараа зарцуулаад явж байгаа нь энд ямар нэг хууль дүрэм үйлчлэхгүй учраас бид дураараа хийгээд явах ёстой гэж яваа нь Монголын ард түмний амьдралд хүндээр тусах суурь бий болгоод байна л даа. Энэ л их хортой.

-Тэгэхээр ирэх оны төсөвт 2013 оных шиг төсвөөс гадуур зарцуулах мөнгө дахиад ороод иржээ дээ?

-Яг зөв, тэгж орж ирээд байна. Гэхдээ бид төсвөөс гадуурх мөнгийг бүгдийг хасъя, буцаагаад ав гээгүй. Олон түмэнд нээлттэй болгоё, парламентын төвшинд тавих хяналтыг өндөр болгоё л гэсэн. Уг нь бид элдэв улстөргүйгээр хэл амаа ололцоод зөв гольдролоор нь явуулчихвал Монголын ард түмэнд хэрэгтэй, тэр тусмаа эрх баригчдад өөрсдөд нь туйлын тустай. Эцсийн дүндээ их мөнгөнд эргэлдсэн хүмүүс ямар юмаар орж балардаг вэ гэдгийг амьдралын түүхүүд нотлоод, хэлээд байна шүү дээ. Тэгээд ч улс орныхоо ирээдүйг зөв талаас нь харж авч явъя гэвэл ямар ч нөхцөлд энэ мөнгийг хуулийн хүрээнд болгох ёстой.

-Төсвийн эхний хэлэлцүүлгийн үед “2014 оны төсвийн төслийг Засгийн газарт буцаая” гэдэг санал гишүүдээс гарсан ч буцаасангүй. УИХ усыг нь шахах хэрэгтэй болж байх шиг?

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс анхны хэлэлцүүлэг дээр нь Засгийн газар татаж аваад янзлаад оруулаад ирээч ээ гэсэн. Аваагүй. Юмыг зөвөөр ойлгодог байсан бол Ерөнхий сайд төслөө буцааж аваад, дахиж нягтлаад өргөн баръя гэх байлаа. Даанч тэгсэнгүй, бодвол энэ чигээр нь батлуулъя л гэж зүтгүүлж байгаа бололтой.

-Гадаад өр нэмэгдсэнээр ирээдүйд ямар дарамт үүсэх болж байгаа вэ?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа гурав, гурван жилээр ДНБ эзлэх хэмжээг заагаад өгчихсөн. Гадаадаас авах өрийн хэмжээ улам нэмэгдсэнээр наад зах нь манай улсын зээлжих зэрэглэл буурна. Үүнд хүрэх гэж Монгол Улс хэдэн жилийн хөдөлмөрөө зарцууллаа даа. Энэ мэтчлэн хариуцлагагүй зүйл рүү явж байна. Нөгөө талаас ноднин өдийд 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ыг гадаад зах зээлээс босгосон. Гэтэл өнөөдөр үлдэгдэл 650 сая ам.долларт нь хүү төлөөд зүгээр хэвтүүлж байна. Бидэнд түүнийг санхүүжүүлэх бэлэн төсөл алга. Тийм учраас “Гудамж” гэх мэт аар саар төсөлд хийгээд үнэ цэнэтэй олж ирсэн мөнгөө алга болголоо шүү дээ.

Ер нь бид одооноос эдийн засгаа эрүүлжүүлэх талыг бодохгүй бол эрүүл биш байгаа эдийн засаг одоо ингэж л явахаас өөр арга алгаа гээд хуулиа зөрчин зүтгээд байвал их л биш тал руугаа явна.
 

Г.ДАРЬ

2013.10.16

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж