Австри улсын Элчин сайд Ерөнхий сайдад бараалхав

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Австри улсын Элчин сайд Ерөнхий сайдад бараалхав

Бүгд Найрамдах Австри улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Ирэнэ Гинэр-Райхэль Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт өнөөдөр бараалхаж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн дээрх арга хэмжээний дараа Элчин сайд Ирэнэ Гинэр-Райхэль Эрчим хүчний сайд М.Сономпилтэй уулзаж, санал солилцсон юм.

Монгол Улс нь Австри улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 51 жилийг угтаж буй. Энэ хугацаанд хоёр улсын харилцаа боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах чиглэлд түлхүү  хөгжиж ирсэн байна. Хамгийн сүүлд буюу 2011 онд УИХ-аас Монгол Улс, Австри улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг баталснаар 40 сая еврогийн зээлийг 18 жилийн хугацаатай 0.4 хувийн хүүтэй авах бололцоо бүрдсэн юм. Үүний 21 сая еврогийн санхүүжилтийг юунд зарцуулах нь тодорхой болсон. Тухайлбал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэргэд шинээр төв байгуулах, хавдрын оношлогооны иж бүрэн дөрвөн төрлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, эмч, мэргэжилтнүүдийг Австрид сургахад 10 сая орчим евро нь зарцуулагдах бол  үлдсэн хөрөнгийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд мөн Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулахад зарцуулахаар төслүүдийг нэр заан талууд хоёр талдаа баталгаажуулсан юм.

Харин одоо үлдэж байгаа 19 сая еврогийн санхүүжилтийн төслийг шийдэх шаардлагатай болж буй аж.

 Энэ асуудлыг Бүгд Найрамдах Австри улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Ирэнэ Гинэр-Райхэль Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзах үеэрээ хөндөн тавьсан байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зүгээс “Хөдөлгөөнт эмнэлэг” төсөл хэрэгжүүлэхэд үлдэж байгаа санхүүжилтийг зарцуулж болох юм гэх саналыг дэвшүүлсэн бол Эрчим хүчний сайд М.Сономпил Төрийн албан хаагчдын эмнэлгийг шинэ тоног төхөөрөмжөөр хангах шаардлага үүсч байгаа тул түүнд хөрөнгө оруулалт хийх нь хамгийн оновчтой тусах болов уу гэх саналыг тус бүр дэвшүүлсэн юм. Гэхдээ энэ бол эхний ээлжинд тавигдсан санал. Албан ёсны болгоход Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай болно.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж