Орон нутгийн ТББ-уудыг чадавхжуулах сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Орон нутгийн ТББ-уудыг чадавхжуулах сургалт болж байна

Европын холбоо, "АИФО" Италийн төрийн бус байгууллагын санхүүжилтаар “Тэгш нийгэм холбоо” ТББ-аас “Монголын иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хамгаалах нь” төслийг 2013 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь хоёр үндсэн зорилготой юм байна. Нэгдүгээрт, ХАХНХЯ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад хувь нэмрээ оруулахаар болжээ. Хоёрдугаарт, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийг хянахад орон нутгийн төрийн бус байгууллагуудыг чадавхжуулахад оршиж байгаа юм.

Төслийн хоёр дахь зорилгын хүрээнд Конвенцийн хэрэгжилтийг хянахын тулд  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг орон нутгаас сонгон авч, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Хүний эрхийн үндсэн зарчим, Хамт олонд түшиглэсэн сэргээн засах хандлагын талаар мэдээлэл өгч, гомдол саналыг хэрхэн хүлээн авч, шийдвэрлэх арга замын талаар 2014 оны нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд сургалт зохион байгуулж байна. Сургалтад 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл хамрагдаж байна. Төсөл хэрэгжих хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг ТББ-ууд ажилтнууд сүүдэр илтгэл бичих, орон нутгаас нотолгоо цуглуулахад суралцах юм.

Энэ төслийг хэрэгжүүлэхдээ НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийг хэрэгжүүлэх үндсэн арга зам болох Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг суурь үндэс болгож, 1991 оноос Монгол Улсад хэрэгжиж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах  "Тэгш дүүрэн” хөтөлбөртэй хамтран ажиллаж байна.

Г.БААТАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж