Улаанбаатар хотод том оврын автобусаар үйлчилгээ эрхэлдэг 24 компани бий. Нийслэлийн том оврын автобуснууд алдагдалд орсон гэх шалтгаанаар тасалбарынхаа үнийг 500 төгрөг болгон нэмлээ. Одоо бидний нэрлэж заншсан “Микро” буюу бага оврын автобуснууд үнээ нэмэх нь дамжиггүй. 500 төгрөгөөр үйлчилдэг гэх ч “Микро”-гоор зорчих үнийг жолооч, кондуктор өөрсдийнхөөрөө тогтоодог жишиг аль хэдийн тогтсон. “Микро”-ныхон өглөө, өдөртөө 500-600 зургаан төгрөгөөр үйлчилдэг. Харин оройдоо 1000 төгрөгөөс суудаггүй нэмэгддэг.
-Яагаад үнээ нэмчихвээ. 500 төгрөг гээд биччихсэн байгаа юм биш үү гээд асуувал
-Буугаад таксигаа барь даа. Автобус зогссоныг анзаараагүй байна уу гээд дээрэнгүйгээр хэгжүүрнэ. "Муугаа үзүүлэхгүй шүү" гээд буучихвал харанхуй шөнө унаагүй хоцрох болохоор амаа хамхиад тэвчихээс өөр арга байхгүй.
Нийслэлийн нийтийн тээвэр эрхэлдэг бага оврын автобус, таксигаар зорчих үнэ том оврын автобусны тасалбараас шууд хамаардаг.
Том оврын автобусныхан зорчих тасалбарын үнэ нэмэх болсон талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийснийхээ маргааш тасалбарынхаа үнийг 500 төгрөг болгож шууд л "хүчиндэв". Үүнийг дагаад “микро”-ныхон ч бид яаж дутах вэ гээд зоргоороо тулйж өгнө л дөө. Уг нь төрөөс тусгшай зөвшөөрлөө авч байгаа тэдэнд бас хяналт тавих эрх нь төрд байх ёстой. Харамсалтай нь микро автобусны шугам нь төрийн нэг хурган дарга худалдаад авчихсан байдаг болохоор зорчигчид яаж ч заргалдаад нэмэргүй.
“Такси нэг км тутамд 600 төгрөгөөр үйлчилдэг” гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай хэлсэн удаа бий. Хааяахан яарсан, сандарсан, чухал үед такси барина. “Мөөг түүгчид” км тутмыг нь 700-900 төгрөгийн хооронд үнэлдэг.
Манайх ажлаас 2,1 км зайтай. Таксины жолооч 2000 төгрөг гарлаа гэнэ. 1500 төгрөг өгчихвөл бөөн хэрүүл болно. Яг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын хэлсэн ёсоор мөнгө төлнө гэвэл 2,1 км зам 1260 төгрөг болно. За яахав халтуурчдын тогтоосон 700 төгрөгөөр тооцвол 1470 төгрөг болно. 1500 төгрөг төлөөд үйлчлүүлэгч хариулт авах байтал 500 төгрөг заавал нэмж төлнө.
Дуудлагын такси дуудлаа гэж бодъё. Такси дуудахын тулд тусгай дугаарт залгана. Бараг 1000 нэгж /мянган төгрөгний төлбөр/ үрнэ. Дуудлагын такси ирээд эхний нэг км замыг 1000 төгрөгөөр үнэлнэ. Ингээд хоёр км явахад нийтдээ 2700 төгрөг зарцуулж таардаг.
Автобус яагаад алдагдалтай ажиллаж болохыг эхэнд цухас дурдсан. Алдагдалтай ажилласныг заавал зорчигчид нөхөх ёсгүй. Хамгийн түрүүнд жолооч кондукторуудаа шалгах хэрэгтэй. Заримдаа автобусанд суухдаа бид тасалбараа авахаа мартдаг. Заримавтобусны кондуктор хариулт өгөлгүй цааргалсаар байгаад албаар мартуулдаг тохиолдол ч надад гарч байсан. Алмай загнасан миний буруу байж болох ч хариултаа өгөх нь автобусны кондукторын үүрэг шүү дээ. Зарим автобусанд суухаар тасалбар өгдөггүй.
-Тасалбараа авъя гэхээр “Дуусчихсан” эсвэл олон хүний нүдэн дээр “Үхлээ юу” гэх мэтчилэн хэл амаар доромжилно. Оюутан байхад хамгийн их айдаг хүн автобусны кондуктор байлаа. Орой болохоор мөнгө төл, эсвэл буу гээд олон хүний өмнө шившиг болно. Анхнаасаа оюутнууд “Баярын бичиг” /Виза карт/ үзүүлэн үнэ төлбөргүй зорчино гэж хэлээгүй бол мөнгө төлөөд сургуульдаа явна гэж боддог байлаа. Гэхдээ үнэгүй зорчуулна гэсэн болохоор өдөр нь ганц, хоёр хуушуур идээд мөнгөгүй л автобусанд суудаг явдаг байлаа.
Хэдийгээр том оврын автобусны компаниудын ихэнх нь үнээ 500 төгрөг болгон нэмсэн ч Орон нутгийн өмчит Орон нутгийн өмчит “Автобус 1”, “Автобус 3” компаниуд одоохон үнээ нэмээгүй байна. Саяхан “Автобус 1” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилчид ажил хаяж, цалингаа нэмүүлэхээр шаардаж байсан ч эдгээр өдрүүдэд чимээгүйхэн байна.
“Автобус 1” ОНӨҮГ ажилчдынхаа өдрийн норм буюу нэг өдөрт жолооч, кондукторуудын олох ёстой орлогын хэмжээг багасгаснаар асуудал нааштай шийдэгдсэн.
Том оврын автобусаар үйлчилгээ эрхэлдэг компаниуд алдаагаа ямагт бусдаас эрээд сурчихаж. Алдагдалтай ажиллавал иргэдийн буруу, цалин бага бол иргэдийн буруу, өдрийн орлого нь хүрэхгүй бол бас л зорчигч иргэдийн буруу.
Яг үнэндээ бол автобусны хаалга нь онгоймогц хог “асгарч”, дотор нь зогсоход тоос шороо бужигнасан, кондуктор нь шүлсээ үсчүүлэн хэрүүл хийсэн төрхтэй байхад хэн автобусанд мөнгөө төлөөд явах вэ дээ. Үнэгүй зорчдог нь л үйлчлүүлнэ.
Зорчигчдоо өөрсдөө татах ажил огт хийгээгүй атлаа алдагдалтай ажиллалаа, үнээ нэмэхээс аргагүй боллоо гэдэг бол үнэндээ арчаагүйнх.
Нэгэнтээ нэмэгдсэн үнэ буурсан түүх Монголд үгүй. ОНӨҮГ-ууд буюу үнээ нэмээгүй “Автобус 1”, “Автобус 3” компаниуд одоо л ашигтай ажиллах боломж байна. Боломжийг ашиглан, үйлчлүүлэгчдээ өөртөө татаад ав. Зорчигчид нь гэсэн 100 төгрөгийн хямдыг бодож, төрийнхөө компаниар үйлчлүүлнэ биз ээ.