Гурван арслангууд дахин тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.19-нд нийтлэгдсэн

Гурван арслангууд дахин тэнцлээ

Гурван арслангууд дахин тэнцлээ

Өнгөрсөн шөнө Монголын цагаар 02.30 цагаас эхэлсэн “С” хэсгийн Англи болон Алжирийн багийн тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөж, агуу хүсэл эрмэлзэлтэйгээр Өмнөд Африкт хүрэлцэн ирсэн Фабио Капеллогийн цэргүүд дахин оноо хуваалаа.

Өмнө нь болсон АНУ болон Словенийн тоглолт мөн 2:2 харьцаатай тэнцсэн тул энэ хэсэгт өрсөлдөж буй багуудын хэн нь ч шөвгийн 16-д шалгарах бүрэн боломжтой болж байна. Харин хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд бүхнийг шийдвэрлэнэ.

Англичууд хэсгийн сүүлийн тоглолтоо Словенийн эсрэг хийх бол Америкчууд Алжиртай тоглоно.

Эхний тоглолтод байж боломжгүй алдаа гаргаж, өөрийнхөө хаалганд бөмбөг оруулсан Роберт Гринийг энэ удаад сэлгээний суудалд суулгаж, тун удахгүй 40 нас зооглох туршлагатай хаалгач Дэвид Жеймсийг ноён Капелло талбайд гаргасан. Энэ өдөр эрхэм итали мэргэжилтний 64 насны төрсөн өдөр байсан боловч харамсалтай нь энэ баяраа ялалтын баяртай давхцуулж чадсангүй. Тэрбээр тоглолтын дараа “Бэлтгэл сургуулилт, сонгон шалгаруулалтад хамт байсан тэр багийг би үнэхээр олж харахгүй байна. Бид маш олон дамжуулалт алдаж, бөмбөгөө олон ч удаа алдлаа. Онцын тоглолт болсонгүй. Бид үүнээс илүүг хийх хэрэгтэй. Одоо биднийг нэг тоглолт хүлээж байгаа, энэ бол тэмцээнээ цаашид үргэлжлүүлэх хамгийн том боломж. Тоглогчид маань юу хийх ёстойгоо мэдэж байгаа гэж бодож байна” гэжээ.

Дашрамд сануулахад, “С” хэсгийн сүүлийн тоглолтууд энэ сарын 23-нд болно.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж